-УИХ-ын гишүүн Б.Бейсенг хоёр ч хэрэгт яллагдагчаар татах нь-
Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн төвийн болон төрийн бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнуудыг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлжээ. Бидэнд олдсон мэдээллээр тус аймгийн Эрүүл мэндийн төвийнхөн иргэдийн хөдөлмөрийн чадвараа алдсан байдлыг (групп) тогтоох хуурамч дүгнэлт гарган, Нийгмийн халамжийн сангийн хөрөнгөөс мөнгө завших боломжоор хангаж байсан хэрэгт холбогдуулан хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд буй аж. Төрийн байгууллагын нэлээд хэдэн удирдах албан хаагч үүнд холбогдож болзошгүй гэнэ. Гэхдээ мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж буй учраас тодорхой мэдээлэл өгөхөөс албаны хүмүүс татгалзаж байна. Орон нутгийнхан нэгнээ таньдаг, төрийн байгууллагынхны хараа хяналт сул болохоор нийгмийн халамжийн болон даатгалын сангийн хөрөнгөөс энэ мэт аргаар завших явдал удаа дараа гарах боллоо. Үүнээс өмнө Баян-Өлгий аймгийн эрх бүхий албан тушаалтнууд нь мөн л дээрх аргаар хуурамчаар “групп тогтоож” мөнгө завшсан хэрэгт холбогдоод буй билээ.
Тус аймгийн эрүүл мэндийн байгууллагын нэлээд олон ажилтан эрх мэдлээ урвуулж, 2016 оноос хойш хуурамч бичиг баримт үйлдэн хөдөлмөрийн чадвараа алдсан хүмүүст олгодог тэтгэврийг эрүүл иргэдэд олгож байсан хэрэгт холбогдсон талаар бид өнгөрсөн оны аравдугаар сард мэдээлж байсан. Тухайлбал, хэвийн ярьдаг, сонсгол нь ч зүгээр хүнийг хэлгүй, дүлий хэмээн групп тогтоон нийгмийн даатгалын болон халамжийн сангаас мөнгийг нь өөр хүний нэрээр авч завшсан хэрэгт яллагдагчаар татагдаад буй. Ийм байдлаар групп тогтоон, иргэдийг тэтгэвэрт гарахад нь тусалж, хахууль авч байсан гэх зэрэг үйлдэлд Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн 40 гаруй эмчийг шалгаж, бусдаас 500-гаад удаа хахууль авсан хэмээн буруутгасан юм. Уг хэрэгт тус аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байсан, УИХ-ын Б.Бейсенг холбогдуулаад буй. Энэ хэргээс гадна түүнийг бусдаас хахууль авсан хэмээн өөр нэг үйлдэлд яллагдагчаар татахаар болсон гэх мэдээлэл бидэнд ирлээ. НПГ-аас баталсан, түүнийг яллагдагчаар татсан тогтоолыг АТГ-ынхан УИХ-ын гишүүнд танилцуулаагүй байгаа бололтой.