“Мунзуй” гэх нэрээрээ зарим хүний дунд танил болсон Г.Нямдорж нарт холбогдох хэргийг ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын ажилтнууд шалгаж, НПГ-ын хяналтын прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ. Түүнийг 2020 оны арваннэгдүгээр сард гэртээ мансууруулах бодис хадгалж байхад нь дээрх газрын ажилтнууд саатуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан юм. Түүнтэй хамт Ч.Шинэцэцэг, Н.Галмандах гэх хоёр хүний гэм буруутай, эсэхийг дэнслүүлэхээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлээд буй аж. Бидэнд олдсон мэдээллээр Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нар өнгөрсөн оны зургадугаар сард их хэмжээний мансууруулах бодис олж авч, хадгалсан хэрэгт холбогдсон байна. Улмаар мөн оны арваннэгдүгээр сард Ч.Шинэцэцэг нь Г.Нямдоржийн Хан-Уул дүүрэг дэх гэрт нь мансууруулах бодис биедээ авч явж хэрэглэсэн гэнэ. Тиймээс Ч.Шинэцэцэг, Н.Галмандах нарт Эрүүгийн хуулийн 20.7-1 дэх хэсэгт заасан “Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр хууль бусаар олж авч бэлтгэн, хадгалсан” хэмээн яллах дүгнэлт үйлдсэн бол Г.Нямдоржид мөн хуулийн 20.8-1 дэх хэсгийн “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэх орон байраар хангасан” гэх үндэслэлээр буруутган шүүхэд шилжүүлээд байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа