Төр, засгийн тэргүүнээр 44 жил ажилласан Юмжаагийн Цэдэнбалын гэргий, Монголын хүүхэд, залуучуудын төлөө олон ажил санаачлан, хэрэгжүүлсэн Анастасия Ивановна Цэдэнбал-Филатоваг цагаатгах шийдвэрийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс гаргалаа. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын ажилтнууд тус шүүхэд хандан нэхэмжлэл бичиж А.И.Цэдэнбал-Филатоваг хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар хандсан аж. Уг нэхэмжлэлийн дагуу үүсгэсэн хэргийг өчигдөр хянан хэлэлцсэн юм. Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссынхон нэхэмжлэлдээ дөрвөн үндэслэл заасан бөгөөд түүнээс гурвыг нь баримтаар тогтоогдоогүй, хамаарахгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн гэнэ. Харин А.И.Цэдэнбал-Филатовад олгосон цол, одон медалийг хүчингүй болгохдоо үндэслэл болгосон үйл баримт нийцээгүй хэмээн дүгнэжээ. Улмаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай хуулийн 8.4-т зааснаар БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн 1990 оны дөрөвдүгээр сарын 18-ны 98 дугаар зарлигийг хүчингүй болгож, Анастасия Ивановна Цэдэнбал-Филатоваг цагаатгалаа.