Зэвсэгт хүчинд сүүлийн үед сар бүр л ямар нэг байдлаар хэрэг, зөрчил гарах болов. Хугацаат цэргийн алба хаагчаа салааны захирагч, дэслэгч цолтой Д.Гялбуужамц гэх залуу зодож амийг нь хөнөөсөн хэрэг өнгөрсөн гуравдугаар сарын сүүлчээр зэвсэгт хүчний 326 дугаар ангид гарсныг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтсийнхэн шалгаж дууссан. Уг хэргийг өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаж эхлээд байна.
Тэгвэл Дорнод аймаг дахь зэвсэгт хүчний 327 дугаар ангид Сүхбаатар аймгийн Дарьганга сумаас өнгөрсөн намар татагдан хугацаат цэргийн алба хааж байсан байлдагч Б өнгөрсөн ням гаргийн 15.40 цагийн үед гэнэт нас барав. Тэрбээр ангийнхаа ногооны талбайд ажиллаж байсан бөгөөд ЗХЖШ-ын хэвлэл, мэдээллийн албаны дарга, хурандаа Б.Отгонбаяр “Талийгаач Б үдийн хоолонд орсны дараа эрүүл мэндийн шалтгааны улмаас бие нь эрс муудан эмнэлэгт очоод нас барсан байна. Цагдаа, эмнэлгийн байгууллага эцсийн дүгнэлтээ гаргаж амиа алдсан шалтгааныг тогтооно” хэмээсэн юм. Харин орон нутгийн цагдаагийн байгууллагынхан “Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд байлдагч Б ухаан алдсан гэсэн дуудлага ирсэн байна. Яаралтай тусламжийн эмч нар очиход нас барсан байсан учраас манайханд мэдээлэл өгсөн” гэлээ. Уг нь цэргийн албанд ирж байгаа залуусын эрүүл мэндийн байдлыг нягтлан шалгаж, сонгож авах хууль, журам хэрэгжиж буй. Харин цэрэг татлага зохион байгуулах албаныхан үүргээ хангалтгүй биелүүлж, эрүүл мэндийн шалтгаантай залуусыг авснаар ийм золгүй явдал болсон байж болзошгүй гэж үзэх хүн олон байна.
Энэ хэргээс гадна зэвсэгт хүчний 027 дугаар анги буюу Цэргийн төв эмнэлгийн цонхоор өчигдөр өглөө хүн унаж, маш хүнд гэмтжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр, тус эмнэлгийн хэд хэдэн эмч Гавьяат цол хүртэж, тэдэнд хүндэтгэл үзүүлэн ангиа жагсааж угтахаар болсон ч 07.30 цагт хүн унасан учраас үйл ажиллагааг цуцалсан байна. Гэвч хэлтэс, албадын дарга нь Цэргийн төв эмнэлгийн тавдугаар давхартаа орой болтол архидан согтуурсан бөгөөд осол болсныг харьяалах Батлан хамгаалах яамандаа ч мэдэгдээгүй гэнэ. Осолд өртсөн хүнд тус эмнэлгийнхэн мэс засал хийсэн ч биеийн байдал хүнд байгааг хэд хэдэн эх сурвалж хэллээ. 61 настай О гэх хүн коронавирусийн халдварын улмаас Цэргийн төв эмнэлэгт эмчлүүлж буй бөгөөд дөрөвдүгээр давхраас хоёрдугаар давхрын өргөтгөлийн дээвэр дээр унасан юм байна.