Иргэн Д.Мөнхбат өнгөрсөн оны 11-р сард өөрийн цахим хуудсанд Өмнөд Солонгосоос “Ковид-19”-ийн халдваргүй ирсэн ч “Энхсаран” сувилалд тусгаарлагдах явцдаа халдвар авсан тухайгаа мэдээлсэн билээ. Түүнийг иргэдийг төөрөгдүүлсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавьсан гэх үндэслэлээр Цагдаагийн байгууллагаас шалгаж, Зөрчлийн хуулиар 500 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан юм. Тэгвэл иргэн Д.Мөнхбат Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч өнөөдөр хэлэлцэв. Ингэснээр шүүхээс түүнийг Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлсэн төдийгүй олон нийтийн сүлжээнд тавьсан мэдээлэл нь хууль зөрчөөгүй хэмээн үзэж 500 мянган төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгожээ.