Яг долоо хоногийн өмнө Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болсон. Ингэхдээ Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргасан юм. Тэрхүү зөрчилтэй заалт нь дээрх хуулийн 21.4 бөгөөд үүнд “Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, эсэх талаарх Цэцийн гишүүний шийдвэрийг маргагч талууд буюу Цэцийн аль нэг гишүүн эс зөвшөөрч гомдол, санал бичгээр гаргасан бол Цэцийн даргын тогтоолоор томилсон гурван гишүүний бүрэлдэхүүнтэй хуралдаанаар хянан хэлэлцэж, маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх, эсэхийг шийдвэрлэж магадлал гаргана” гэжээ.
Өөрөөр хэлбэл, Цэцийн аль нэг гишүүн ийн санал гаргах нь Үндсэн хуулийн 1.2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн”, 64.2-т “Үндсэн хуулийн цэц, түүний гишүүн үүргээ гүйцэтгэхдээ гагцхүү Үндсэн хуульд захирагдах бөгөөд аливаа байгууллага, албан тушаалтан, бусад хүнээс хараат бус байна”, 64.3-т “Үндсэн хуулийн цэцийн гишүүний хараат бус байдал Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон баталгаагаар хангагдана” гэж заасныг зөрчсөн хэмээн дунд суудлын хуралдаанаас үзсэн юм.
Тэгвэл Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн уг заалтын дагуу өрнөсөн үйл явц өнгөрч буй хаврын улстөржилт, энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой томоохон сэдэв болон хэл ам таталсныг та бүхэн мартсан ч байж мэднэ. Ер нь бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэх маргаан, энгийнээр хэлбэл, өнөөгийн Төрийн тэргүүн Х.Баттулгын дахин нэр дэвших эрхийг Цэцээр дамжуулан үгүй хийсэн гэгддэг хэрүүл тэмцэл нь “Эцэг хууль”-ийг сахиулагч зарим хүнийг томилж, чөлөөлөх асуудалтай хутгалдан, ихэд ээдэрсэн хэрэг гэвэл энэ. Иймд тодруулж, эргэн сануулъя.
Өнгөрсөн гуравдугаар сард Үндсэн хуулийн цэцийн гурван гишүүн бага суудлын хуралдаанаа хийж чадахгүй, зарим нь “ажил хаяж”, тодорхой шийдвэр гаргалгүй, энд тэнд бие биенээ үгүйсгэн ярьж явлаа. Угтаа бага суудлын хуралдаан зарласан нь Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэхийг хянахаар маргаан үүсгэсэнтэй холбоотой байв. Ерөнхийдөө Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 26.2 буюу нэр дэвшигчид тавих шаардлагад Монгол Улсын Ерөнхийлөгчөөр өмнө нь сонгогдон ажилласан иргэнийг бүртгэхгүй байхыг хуульчлалгүй орхигдуулсан гэж үзсэн нэр бүхий иргэд Цэцэд хандсан байдаг. Нарийвчлан хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн 3.1.2-т “нэр дэвшигч” гэж 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын Үндсэн хууль болон энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын уугуул иргэнийг ойлгоно” гэж заасан нь Үндсэн хуулийн 30.2 буюу “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” хэмээх заалтыг зөрчсөн, эсэхийг тогтоохоор маргаан үүсгэж, дунд суудлын хуралдаанд бэлтгэж байсан хэрэг. Үндсэн хуульд 2019 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгчийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгохоор хуульчилсан тул одоогийн Төрийн тэргүүн Х.Баттулга, ер нь өмнө энэ албанд сонгогдон ажилласан П.Очирбат, Н.Багабанди, Н.Энхбаяр, Ц.Элбэгдорж нар дахин нэр дэвших эрхгүй гэдгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой зааж, хуульчлах байсан хэмээсэн нь Цэцэд гаргасан иргэдийн мэдээллийн гол агуулга гэж ойлгож болох учраас өнөөгийн Ерөнхийлөгчийн эрх ашиг илүүтэй хөндөгдсөн. Үнэхээр ч Ерөнхийлөгчийн сонгуулийн дээрх заалтууд Үндсэн хууль зөрчсөн гэсэн шийдвэрийг Цэц гаргаж, түүнийг нь УИХ хүлээн авч, хуульд холбогдох өөрчлөлтийг нь хийснээр Төрийн тэргүүн Х.Баттулга дахин нэр дэвших эрхгүй хоцорсон.
Харин дээрх мэдээллийн дагуу маргаан үүсгэсэн нь зөв, эсэхийг бага суудлын хуралдаанаар хэлэлцсэн нь үндсэн маргаанаас ч дутахааргүй хэл ам дагуулсан юм. Өөрөөр хэлбэл, нэг хэсэг нь Цэц анхнаасаа энэ асуудлаар маргаан үүсгэх ёсгүй байсан гэж байхад нөгөө хэсэг нь дунд суудлын хуралдаан зарлаж, маргаантай зохицуулалтыг мухарлах нь зүйтэй хэмээн зөрөлдөж байлаа. Эл асуудал босож ирэхэд “Гагцхүү Х.Баттулга л нэр дэвшиж болохгүй” гэсэн хуулийг нэхэн шаардаж буй хэсэг иргэний мэдээллээр Цэц Үндсэн хуулиа илэрхий зөрчсөн байдлаар маргаан үүсгэсэн нь “Эцэг хууль”-ийн суурь зарчмуудад нийцэхгүй” хэмээн Ерөнхийлөгч байр сууриа илэрхийлж байсан билээ. Иргэдийн мэдээллийг анх хүлээн авч, нэгтгэн хянаж, маргаан үүсгэсэн хүн нь Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Солонго. Харин Цэцийн гишүүн Б.Буяндэлгэр үүнийг хүлээн зөвшөөрөлгүй гомдол гаргаснаар Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн дээр дурдсан заалтын дагуу бага суудлын хуралдаан зарласан хэрэг. Өөрөөр хэлбэл, Д.Солонгын шийдвэр үндэслэлтэй байсан, эсэхийг хянан хэлэлцэх бага суудлын хуралдааныг Б.Буяндэлгэрийн гомдлын дагуу зарласан гэсэн үг. Ийнхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүн Ц.Нанзаддорж, Ш.Цогтоо, Д.Одбаяр нарын бүрэлдэхүүнтэй бага суудлын хуралдаан болсон ч нэг нь шийдвэрт гарын үсэг зуралгүй, баахан будилаан хутгасан. Бага суудлын хуралдааныг орхин гарч, тэндээс гаргасан шийдвэрт гарын үсэг зураагүй хүн нь Д.Одбаяр. Нөгөө хоёр гишүүн буюу олонх нь Д.Солонго эл асуудлаар маргаан үүсгэсэн нь үндэслэлгүй, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотойгоор дунд суудлын хуралдаан зарласан тогтоолыг нь хүчингүй болгох хэрэгтэй гэж санал нэгдэн, гаргасан шийдвэртээ гарын үсэг зурж баталгаажуулах гэсэн ч нөгөө хүн нь баригдаагүй гэдэг.
Хэдийгээр Үндсэн хуулийн цэцийн гишүүн улс төрийн нам, эвсэл, эрх ашиг үл харгалзан хүчин зүтгэх ёстой ч Д.Одбаярыг энд хэн санал болгон томилуулсан, намтар хийгээд улс төрийн замнал нь ямар вэ гэдгийг хэлэх хүн бишгүй бий. Харин Ц.Нанзаддоржийг 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга санал болгосноор Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон бол Ш.Цогтоогийн охин Ц.Өнөрзаяаг БНСУ-д суух Элчин сайдаар томилуулахаар өнөөгийн Төрийн тэргүүн зүтгүүлсэн удаатай. Мөн Д.Солонго Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн, эсэх талаар маргаан үүсгэсэн нь буруу гэж Цэцийн удирдлагад гомдол гаргаж, бага суудлын хуралдаанаар үүнийг хэлэлцэхэд хүргэсэн хүн нь Ерөнхийлөгчийн санал болгосноор томилогдсон Б.Буяндэлгэр. Энд яригдаж буй хуулийн зөрчил, үндсэн маргаанаас илүүтэй Цэцийн гишүүд нь томилсон хүнийхээ тааллаар ажилладаг, “эзэн”-дээ, хэн эрх барьж байгаад нь үйлчилдэг дүр зураг Ерөнхийлөгчийн сонгууль, Үндсэн хуулийн цэц тойрсон эл маргаанаас тод харагдсан нь нууц биш.
Гэвч удалгүй Цэцийн гишүүн Ш.Цогтоогийн бүрэн эрх дууссан гэдэг үндэслэлээр чөлөөлж, оронд нь Ж.Эрдэнэбулганыг томилсон. Ингэснээр бага суудлын хуралдааны бүрэлдэхүүн өөрчлөгдөж, өнөөх хэл ам татлаад байсан асуудал нам жим болсон. Бүрэн эрхийн хугацаа нь дуусаад нэгэнт жил илүү болсон Цэцийн хоёр гишүүн Д.Солонго, Ш.Цогтоо нартай холбоотой асуудлыг чухам тэр үеэр гэнэт сөхөж, хамтад нь бус, нэг нэгээр нь, тэр тусмаа эхлээд Ш.Цогтоогийн оронд хүн томилсон нь жирийн бус байлаа. Гэтэл өнөөдрийг хүртэл Д.Солонгыг чөлөөлж, оронд нь хүн томилсонгүй хоёр сар гаруйн нүүр үзлээ. Энэ хугацаанд Дээд шүүх эл албанд нэр дэвшүүлэх хүнээ тодруулахын тулд хоёр ч удаа сонгон шалгаруулалт зарласан ч “Шаардлага хангах хүн алга” гэдэг ганцхан тайлбар хэлж сууна.