УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс 2020 оны гуравдугаар сарын 31-нд 100 000 ам.долларын хахууль авсан албан тушаалтны хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусжээ. Улмаар НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.4-2 дахь хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд бусдаар дамжуулан хахууль авсан” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Тэрбээр хууль тогтоох дээд байгууллагад сонгогдохоосоо өмнө БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Тэнгри транс”, “Сан тээвэр”, “Ульгансар транс” компанийнхаа хүнд даацын ачааны 680 автомашинд улс хоорондын ачаа тээврийн С зөвшөөрөл авахын тулд Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламд түүний хүргэн Б.Габитаар дамжуулан Чингэлтэй дүүргийн III хорооны нутаг, “Peace tower”-ын 804 тоот өрөөнд дээрх хэмжээний валют өгсөн хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлсэн.
Гэвч хахууль өгсөн хүнд холбогдох хэргийг нь тусгаарлан, албан тушаалаа урвуулан их хэмжээний мөнгө авсан АТҮТ-ийн хэлтсийн даргын гэм буруутай, эсэхийг тогтоолгохоор болоод байна. Тэрбээр мөрдөн байцаалтын шатанд хэргээ хүлээж “А.Адъяасүрэн утсаар ярьсны дагуу хүргэнээ явуулж мөнгө авхуулсан. Хүргэн над руу ярьж мөнгө авчихлаа, одоо яах вэ гэж байсан” хэмээсэн байдаг. Мөрдөн байцаалтаар тогтоосон хэд хэдэн нотлох баримтад тулгуурлан Г.Доржпаламын хахууль авсан хэргийг шийдвэрлүүлэхээр болж, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Халиун өчигдөр урьдчилсан хэлэлцүүлгийг нь хийхээр товлосон байв. Гэвч зургадугаар сарын 14-нийг хүртэл хойшлуулжээ.
Харин УИХ-ын гишүүний бүрэн эрхтэй болсон учраас яллагдагчаар татах тогтоолтойгоо танилцахгүй байсаар нэлээд хугацааны дараа НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийн шийдвэрээр эрүүгийн 2041000160196 дугаартай хэрэгт А.Адъяасүрэнг яллагдагчаар татсан тогтоолыг хүчингүй болгосон билээ.