Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаарх ээлжит мэдээллээ хийлээ. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 800 орчим хүнээс шинжилгээ авахад 541 шинэ тохиолдол батлагджээ. Ингэснээр нийт батлагдсан тохиолдол 48.642 болов. Шинээр коронавирусийн халдвар авсан 541 хүний 511 нь нийслэлийнх, 30 нь орон нутгийнх аж. Харин өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусийн нэн хүнд хэлбэрээр хоёр иргэн амиа алдаж, нийт нас баралт 207 боллоо. Нас барсан хоёр иргэн 74 болон 64 настай байжээ.
Тэгвэл сүүлийн хоногт 1.306 хүн эдгэрсэн бөгөөд 421 нь гэрээр, 885 нь эмнэлгийн байгууллагаар эмчлүүлсэн аж. Ингэснээр нийт эдгэсэн тохиолдол 40.900 боллоо. Харин одоогоор коронавирусийн халдвар авсан 3.207 иргэн гэрээр, 4.256 нь эмнэлгийн байгууллагад эмчлүүлж буй гэнэ.