Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс эрх баригчид цар тахлын үед хэвлэлийн эрх чөлөөнд халдаж буй үйлдлээ зогсоохыг шаардаж, мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, тус мэдэгдэлд “Монгол Улсын Үндсэн хуулиар төрийн нууцад хамаарахаас бусад мэдээллийг хайх, хүлээн авах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг иргэн бүрт олгосон. Гэтэл төр засгийн зүгээс цар тахлын үеийн түр хууль, дагалдах журам зэргийг гаргаж, сэтгүүлч, хэвлэл мэдээллийнхний мэргэжлийн үйл ажиллагаа явуулах орчин, нөхцөл, хараат бус чөлөөт хэвлэл оршин тогтнох бололцоог улам бүр хумьсаар байгаад харамсаж байна. Энэ бүхний эцэст асуудал улам бүр даамжирч, тодорхой зорилготой, зохион байгуулалттай мэдээллийн менежментийг чөлөөт хэвлэлүүд дээр хэрэгжүүлж, “Мэдээллийн урсгал” хэмээх хөтөлбөрөөр иргэдэд хайрцаглагдсан, засвартай мэдээллийг тулган хүргэж, чөлөөт редакц, хэвлэлүүдийг нэг ижил агуулгатай үзэл суртлын талбар болгох, өөр үзэл бодол, байр сууриа илэрхийлэх чөлөөт өрсөлдөөнийг боомилох, эдийн засгийн аргаар шахан зайлуулах оролдлогыг тодорхой субъектүүдийн зүгээс хэрэгжүүлж байгааг эрс эсэргүүцэж байна” гэжээ.