Монгол хүн бүрийн тодорхой хэсэг нь өнөөдөр ямар нэг байдлаар халамж, тэтгэмж хүртэн амьдардаг гэхэд хилсдэхгүй. Хавтгайрсан халамжийн үр шимээр ажил хийх сонирхолтой хүн ч ховордож байгаа гэдэгтэй олон хүн санал нэгдэх биз. Харин энэ халамжийг татвар төлөгч иргэн, аж ахуйн нэгжүүдээсээ цуглуулаад хамаа замбараагүй цацаж буй билээ.
Уг нь “Хүн төрсөн нь үнэн бол татвар төлөх нь үнэн” гэдэг. Тиймдээ ч Монгол Улс Үндсэн хуульдаа “хуулиар ногдуулсан албан татвар төлөх үүрэгтэй бөгөөд үүнийг ёсчлон биелүүлнэ” хэмээн заасан нь лавтай. Гэвч зарим аж ахуйн нэгжийн удирдлага улсад төлөх ёстой татвараа төлөлгүй ямар нэг байдлаар зугтдаг, татварын байгууллагын ажилтнуудтай нийлж хуурамч баримтаар төлсөн мэт баримт бүрдүүлдэг явдал нэлээд гардаг. Ингэж хууль зөрчсөнөөрөө эрүүгийн хэргийн ялтан, яллагдагч болох явдал бий. “Татвар оршихуй дор төр буй, төр оршихуй дор татвар буй” учраас татвараа чин үнэнчээр төлж хэвшвэл улс орны хөгжилд нэмэртэй баймаар.
Гэтэл татварын байгууллагын албан тушаалтнууд бусдад давуу байдал олгон татвар төлөхөөс зайлсхийх нөхцөл боломжийг ч бүрдүүлэх явдал байна. Үүний тод жишээг Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Ариунсан, тус газрын Татварын удирдлага, хамтын ажиллагааны газрын дарга байсан Б.Бадрал нарт холбогдох хэргээс харж болно. Монгол Улсын Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг “Дубайн гэрээ”-г байгуулахын тулд дээрх хоёр хүнд үүрэг болгож, “Оюутолгой” ХХК-ийн татварыг хөнгөлөх чиглэл өгснөөр хууль тогтоомж зөрчин 406.5 тэрбум төгрөг тус компаниас авах боломжийг үгүй хийсэн, татварын хөнгөлөлтийг 203.5 тэрбумаар нэмэгдүүлсэн хэрэгт гэм буруутайг нь анхан болон давж заалдах шатны шүүх тогтоосон билээ.
Тэгвэл Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын падааныг хоосон бичиж, улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж байж болзошгүй хэргийг хууль сахиулагчид өнгөрсөн зунаас хойш шалгасаар байна. Эх сурвалжууд “Иргэн А гэх эмэгтэй удирдаж, зохион байгуулалттайгаар ийм хэрэг үйлдэж байсныг илрүүлэн шалгаж эхэлсэн. Дээрх бүлгийнхэн хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны түвшин доогуур иргэдийн нэрээр аж ахуйн нэгж байгуулж, үйл ажиллагаа огт явуулдаггүй уг хуурамч компаниа ашиглан НӨАТ-ын падаанд хий бичилт хийж байсан. Өөрөөр хэлбэл, 2017 оноос хойш бараа, материал импортоор оруулж ирээгүй, ажил гүйцэтгээгүй атлаа 1000 гаруй аж ахуйн нэгжид 200 тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн мэтээр худал тайлан гаргаж, үүнээс үүдэн 20 гаруй тэрбум төгрөгийн татвар улсад төлөөгүй. Улмаар хууль бусаар олсон мөнгөөрөө өөрсдийн нэр дээр үл хөдлөх хөрөнгө, тээврийн хэрэгсэл, амралтын газар авч нийтдээ таван тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний тансаг зэрэглэлийн орон сууц, автомашин, “Алтан хөндий цогцолбор” нэртэй амралтын газар байгуулсан” гэх хэргийг шалгаж байгаа. Шинжээч томилон дүгнэлт гаргуулж байна. Хараахан шийдвэрлэх болоогүй” хэмээсэн юм. Энэ хэрэгт холбогдсон нэр бүхий иргэдтэй татварын улсын байцаагч нар хамтран оролцож байсан гэдэг. Уг хэргийг хэрхэн шийдвэрлэж буй талаар бид цаг тухайд нь эргэн мэдээлэх болно.
Энэ мэт улсад төлөх ёстой татвараас зайлсхийдэг, хуурамч баримт бүрдүүлдэг этгээдүүдийг хууль сахиулах байгууллагынхан илрүүлэн шалгадаг ч эрүүгийн хариуцлага хүлээлгэж буй заалт нь харамсалтай нь өчүүхэн. Өөрөөр хэлбэл, 100 000 төгрөгийн гар утас хулгайлсан хүнд ногдуулдгаас ч бага ял оноодог юм. 2017 оны долдугаар сарын 1-нээс мөрдсөн Эрүүгийн хуулийн 18.3 дахь хэсэгт “Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан бол 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” хэмээн заасан байдаг. Тэгэхээр татварын 20 тэрбум төгрөг хулгайлсан этгээдүүдэд 450 000-5 400 000 төгрөгөөр торгох ял шийтгэдэг юм билээ.
Энд нэгэн бодит жишээг эш татъя. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн нэгдүгээр сард эл хэргийг хэлэлцэн шийдвэрлэжээ. “Сэрж интернэйшнл” ХХК-ийн захирал Я.Баярцэцэг, нягтлан бодогч Д.Оюунцэцэг нарыг цагдаагийнхан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2014-2018 оны хооронд үргэлжилсэн үйлдлээр 1.9 тэрбум төгрөгийн татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлж, нуун 199.5 сая төгрөгийн татвар төлөхөөс зайлсхийсэн хэрэгт холбогдуулан шалгасан байна. Шүүхийн хэлэлцүүлгийн үеэр дээрх компанийн захирал нь “Би 22 дахь жилдээ бизнесийн үйл ажиллагаа явуулж Монгол Улсад татвар төлсөн. 2015 он хүртэл манай байгууллага Чингэлтэй дүүрэг болон улсын хэмжээнд удаа дараа шилдэг татвар төлөгч болж байлаа. 2015 оноос хойш өндөр хүүтэй зээл авснаас болж манай санхүүгийн байдал доголдсон. Энэ үеэс татварын өглөг үүссэн юм. Миний зүгээс улсад төлөх ёстой татвараа төлж үйл ажиллагаагаа удирдан явуулж байна. Гэрч гэх Д.Отгонжаргал нь манай байгууллагад гурван сарын хугацаанд ажилласан юм. Түүний мэдүүлгээр л хэргийг шалгасан. Тэр надаас 76 сая төгрөг нэхэмжилсэн баримт бий. Энэ талаар би холбогдох байгууллагад хүсэлтээ гаргасан. Улсыг хохиролгүй болгоно гэсэн байр сууриар би ханддаг. Хэрэгт холбогдолгүй этгээдийн гомдлоор энэ хэргийг шалгасанд гомдолтой байна. Би өөрийгөө гэмт хэрэг үйлдсэн гэж боддоггүй. Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан” хэмээн мэдүүлжээ.
Түүний тайлбарласнаар цагдаагийнханд мэдээлэл өгсөн гэх Д.Отгонжаргал нь 2016 онд “Сэрж интернэйшнл” компанид хөргүүртэй агуулахын төсөл хэрэгжүүлэх үед нь уулзан ажилд орсон аж. Гэвч гэрээгээр хүлээсэн ажлаа хангалттай гүйцэтгээгүй учраас цаашид тус компанийн Удирдах зөвлөлийнхөн Д.Отгонжаргалтай хамтарч ажиллахаас татгалзсан гэнэ. Үүнд нь дургүйлхсэнээс болсон уу, татварын болон хууль сахиулах байгууллагад мэдээлэл өгч шалгуулсан хэмээн дээрх компанийнхан үздэг аж. Харин Д.Отгонжаргал нь “Сэрж интернэйшнл” ХХК-д ажиллаж байх явцад Монгол Улсын хууль, дүрэм түүнтэй холбоотой нийгмийн даатгалын шимтгэл төлөх, аж ахуйн нэгжийн татварыг нуун дарагдуулан, ерөнхий захирал Я.Баярцэцэг нь ажилчдынхаа өмнө “Надад Монгол Улсын хууль үйлчлэхгүй гэж удаа дараа хэлдэг”. Тус компани нь 200 гаруй ажилтантай мөртлөө 100 гаруй хүнтэй хэмээн нийгмийн даатгалын шимтгэлийг төлдөг. Чингэлтэй дүүргийн Татварын албанд өгсөн 2017 оны IV улирлын тайлан нь компанийн дотоод борлуулалтын тайлантайгаа хоёр тэрбум төгрөгөөр зөрж байгаа нь татвараа нуун дарагдуулсан гэж үзэх үндэслэлтэй байсан. Тиймээс хуулийн дагуу шалгуулахаар өргөдөл гаргасан. Би иргэний үүргээ биелүүлж, энэ талаар тухайн үеийн ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдэгдсэн” хэмээн шүүхийн хэлэлцүүлэгт ч, мөрдөн байцаалтын шатанд ч мэдүүлсэн байх юм.
“Сэрж интернэйшнл” компани Чингэлтэй дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй аж ахуйн нэгж юм байна. Тус хэлтсийн татварын улсын байцаагч А.Өнөрмаа, Г.Баттулга тэргүүтэй албаны хүмүүс эл компанийн 2014-2018 оны татвар төлөлтийн байдалд шалгалт хийж, нэг бус удаагийн шийтгэлийн хуудас, шинжээчдийн дүгнэлт гарган нийт 199.5 сая гаруй төгрөгийн татвар улсад төлөх ёстой гэж үзсэн аж.
Шүүх хурлын үеэр нийслэлийн Татварын газрынхан иргэний нэхэмжлэгчээр оролцсон бөгөөд “Сэрж интернэйшнл” компанийнхан улсад учруулсан хохирлоо барагдуулаагүй, тиймээс шүүгдэгч нарт зохих шийтгэлийг оноох саналтай байна” гэж.
Хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжилсэн нотлох баримтад тулгуурлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Сэрж интернэйшнл” компанийн захирал Я.Баярцэцэг, нягтлан бодогч Д.Оюунцэцэг нарыг Эрүүгийн хуулийн 18.3-1 дэх хэсэгт заасан “Татвар төлөгч хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор үргэлжилсэн үйлдлээр татвар ногдох орлого, бараа, үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан гэм буруутайд тооцож, тэднийг тус бүр гурван сая төгрөгөөр торгох ял шийтгэжээ. Улмаар иргэний хариуцагч “Сэрж групп” буюу “Сэрж интернэйшнл” ХХК-иас 162.8 сая гаруй төгрөг гаргуулан нийслэлийн Татварын газарт олгохоор шийдвэрлэсэн байна.
Бэлтгэсэн: Г.Равжаа