Өнгөрсөн оны зургаадугаар сарын 7-нд УИД (Улсын их дэлгүүр) шатсан хэрэг гарсан. Уг хэргийг хянаж, дуусаад яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна. “Ай Ти Эн” ХХК-ийн захирал Ц нь 2020 он тавдугаар сарын 20-ны өдөр “Улсын Их Дэлгүүр” ХК-тай Улсын их дэлгүүрийн VI дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ. Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, Ц энэ чиглэлээр мэргэшээгүй, мөн мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан УИД-ийн дээврийг засах ажлыг гүйцэтгүүлсэн гэнэ. Улмаар ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна. Тухайлбал, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Барилгын тухай хууль болон “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” Барилгын норм ба дүрмүүдийг зөрчин Барилгын дүрмийн 106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”- өгөөгүй зэргээс шалтгаалж дээрх гал гарсан гэж прокуророос дүгнэжээ.
Хэргийг тодруулбал, 2020 оны зургадугаар сарын 7-ны өдөр Б нь газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдсан байна. Гал түймрийн улмаас тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24 тэрбум гаруй төгрөгийн буюу их хэмжээний болон ноцтой хохирол учирсан. Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц, Б нарт Эрүүгийн хуулийн 17.11-2дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн, галд алдсан иргэдийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.