Монгол Улсын хилийн хэсэгт 2021 он гарсаар байгалийн дагалдах баялаг ашиглах, агнуурын амьтан агнах, ашигт малтмал хайх, олборлох, хилийн зурвас, бүсэд зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан 47 тохиолдол гарчээ. Хилийн албаныхан 47 удаагийн үйлдлээр 656 хүн хил орчмын дэглэмийн зөрчил гаргасныг илрүүлэн, хууль зүйн дагуу шийдвэрлэсэн байна. Мөн бэлчээрээр улсын хил давсан найман удаагийн тохиолдол гарч, 97 мал шуурганд уруудсан, бэлчээрээр улсын хилд тулсан 14 804 тооны малыг хилчид илрүүлж, ард иргэдэд учирч болох 9.2 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлсэн ажээ. Жишээ нь, хамгийн сүүлд гэхэд гуравдугаар сарын сүүлийн хоногуудад манай орны ихэнх нутагт цас болон шороогоор шуурч, байгалийн онц аюултай үзэгдэл болсон. Энэ үед хилийн 0132 дугаар ангийн хилчид цасан шуурганы үеэр улсын хилд тулсан 5661 бод малыг илрүүлэн, эздэд нь хүлээлгэн өгч, учирч болох 3.6 тэрбум төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийлжээ. Монгол Улсын хилд нийт 14 хилийн боомт ажиллаж, нэгдүгээр улиралд 73 орны 189 935 зорчигч, 579 159 тээврийн хэрэгслийг шалган нэвтрүүлсэн байна.