Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу өнөөдөр (2021 оны дөрөвдүгээр сарын 2) хянан хэлэлцээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсэгт заасан “Төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох” гэх үндэслэлээр ял түүнд төлөвлөсөн.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дээрх хэргийг 2020 оны наймдугаар сарын 19-нд хянан хэлэлцээд Д.Дамба-Очирыг улс төрд нөлөө бүхий этгээд албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэм буруутайд тооцсон. Улмаар нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасаж, гурван жил зургаан сар хорих ял ногдуулжээ.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх уг хэргийг 2020 оны аравдугаар сарын 29-ний өдөр хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн.
Д.Дамба-Очир “Монгол газар” компанийн захирал Ц.Мянганбаяртай хамтран төсөл бичиж, тухайн үеийн ХХААХҮЯ-ны сайд Б.Батзоригт нөлөөлж, ЖДҮХС-гаас 1.2 тэрбум төгрөг зээлжээ. Тодруулбал, Ц.Мянганбаярын хүү М.Батын үүсгэн байгуулсан ч үйл ажиллагаа явуулж байгаагүй “Саппир стоун” ХХК-ийн нэр дээр гантиг чулуу боловсруулах үйлдвэр барина хэмээн төсөл бичсэн ч үүргээ гүйцэтгээгүй гэдэг.