Армид аллага гарсныг эсэргүүцэж, эгэл жирийн нэгэн аав Г.Мөнхжаргал өчигдөр Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр ирсэн. Харин цагдаагийнхан залуугийн үйлдлийг таслан зогсоож, түүгээр барахгүй цагдаагийн хэсэг рүү мэдүүлэг, тайлбар авахаар авч явсан. Тухайн залуу эсэргүүцлээ илэрхийлэхдээ дээгүүрх бүх хувцсаа тайлж, шууд дамжуулалт хийсэн. Цагдаагийн ажилтан түүнээс хувцсаа өмсөхийг шаардаж, улмаар шаардлагыг хүлээж аваад хувцсаа өмсөх зуурт нь "Би утсыг чинь барьж тусалъя" хэмээгээд шууд дамжуулалтыг нь зогсоосон билээ.
Олон нийт уг үйл явдлаас үүдэн "Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо илэрхийлэх эрхийг минь үлдээгээч" цахим орчинд санал хүсэлтээ бичин үлдээж байна.
Иргэн Г.Мөнхжаргалтай утсаар холбоо барьж зарим зүйлийг тодрууллаа.
-Төв талбайд ирсэн гол шалтгаанаа тайлбарлаж болох уу?
-Залуус цэрэг явахыг дэмждэг. Хүүгээ ч нас нь болохоор цэрэгт явуулна. Гэвч цэргийн алба хаахаар явсан эрүүл саруул явсан залуус эрэмдэг болоод ирж буй нь харамсмаар. Бүр армид явсан хүн амиа алдаж байна. Үүнийг төр засгийнхан тоохгүй байгаад бухимдсан. Тэр дундаа олон нийт иймэрхүү явдалд дасал болж, хүлцэнүй, сүүлдээ байдаг л зүйл шиг хүлээж авдаг болох вий хэмээн санаа зовж байна. Тиймээс өөрийнхөөрөө тэмцсэн юм. Ингэхдээ би улстөржөөгүй, нам эвслийн тухай бол бүүр ч хөндөөгүй.
-Цагдаагийн байгууллагаас танд ямар шаардлага тавьсан бэ?
-Цагдаагийнхан зүй бусаар харилцсан зүйлгүй. Гэхдээ зөвшөөрөлгүй жагссан хэмээн 3-4 цаг саатуулсан. Зөрчлийн тухай хуульд зааснаар мэдүүлэг авч байна хэмээн тайлбарласан. Улмаар үзэл бодлоо илэрхийлэх гэж байгаа бол бичгээр хүсэлтээ гаргаж, албан ёсоор зөвшөөрөл ав гэж сануулсан.
-Та хаана ямар ажил эрхэлдэг вэ?
-Би уул уурхайн мэргэжилтэй. Мэргэжлийн ажлаа хийгээд байнга хөдөө явдаг. "Ковид-19" цар тахлаас шалтгаалан өнгөрсөн арваннэгдүгээр сараас хойш ажилгүй байлаа. Саяхан ажилдаа орсон цаг үеийн байдлаас болоод бас л царцанги байдалд орлоо. Ер нь цаашдаа ч цэргийн дэглэлтийг эсэргүүцэж үзэл бодлоо илэрхийлнэ. Мөн Сүхбаатар дүүргийн иргэний хувиар дүүргээсээ гарсан УИХ-ын гишүүд, Батлан хамгаалах яамны удирдлагад шаардлага хүргүүлж, арми дахь зүй бус явдлыг таслан зогсоохыг шаардана.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос уг үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргалаа. Мэдэгдэлд "2021 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Сүхбаатарын талбайд иргэн М-ийн үзэл бодлоо илэрхийлсэн ажиллагааг таслан зогсоосон асуудлыг Хүний эрхийн үндэсний комисс хянаж байна. Уг хэргийг шалгаж байгаа мөрдөгчөөс тайлбар авахаар дуудан ирүүлэх тухай албан бичгийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Б.Даваазулд хүргүүллээ" хэмээн дурджээ. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгосон хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг цагдаагийн байгууллагаас хясан боогдуулсан хэмээн үзэж буй аж.
Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх хэсэгт зааснаар Комиссын гишүүн гомдол, мэдээлэл гаргасан болон холбогдох иргэн, байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд, түүний удирдлагаас гомдол, мэдээллийн талаар бичгээр болон амаар тайлбар авах бүрэн эрхтэй байдаг.