Өнгөрсөн жил "Ковид-19" цар тахал дэгдэхээс урьдчилан сэргийлж, ерөнхий боловсролын сургуулиуд үндсэндээ хичээллээгүй. Энэ үед зарим сургалтын төвүүд төгсөх ангийн сурагчдыг ганцаарчилсан сургалтад хамруулсан. Тухайлбал, карантин тогтоосон үед “Глобал бизнес солюшн” сургалтын төвийнхөн ажилласан юм. Гэвч 2020 оны гуравдугаар сарын 26-нд тус төвийн багш П.Эрдэнэтулга сурагчаа хүчирхийлсэн ноцтой хэрэг гарч байв.
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас дээрх сургалтын төвийн багш П.Эрдэнэтулгад холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн 12.1-2.1-т зааснаар буюу 18 насанд хүрээгүй хүнийг хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр ял төлөвлөж, харьяа дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Сургалтын төвийн багш нь насанд хүрээгүй сурагчаа хүчирхийлсэн хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнгөрсөн аравдугаар сард хэлэлцээд П.Эрдэнэтулгад зургаан жилийн ял оноосон юм. Өөрөөр хэлбэл, шүүхээс “Глобал бизнес солюшн” сургалтын төвийн багш суралцагч 17 настай Н-ын хүсэл зоригийн эсрэг, түүний бэлгийн халдашгүй байдалд халдаж, хүчээр бэлгийн харьцаанд орсон хэмээн дүгнэсэн.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээр дээрх хэргийг хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Мөн шүүгдэгчээс сэтгэл санааны хохирлыг нөхөн гаргуулах нь зүйтэй гэж үзжээ.
Ташрамд дурдахад, Хүчингийн хэргийн хохирогчийг “Насан туршийн даван туулагч” гэдэг. Хэдий бага насандаа хүчингийн хэргийн хохирогч болсон байна, тэр хэмжээгээрээ сэтгэл зүйд учирдаг гэмтэл нь илүү байдаг. Анагаах ухаан ч үүнийг баталсан. Манай улсад хүчингийн гэмт хэргийн золиос болсон охид нь амиа хорлохыг оролдсон тохиолдол маш олон удаа гарч байсан. Мөн хий зүйлтэй ярьдаг, шөнө унтдаггүй. Эсвэл унтаж байснаа гэнэт босоод суучихдаг зэргээр насан туршийн эмгэгтэй болсоор байгааг сэтгэлзүйчид хэлдэг. Гэвч ХНХЯ, ХДХЯ, ЭМЯ-ныхан төдийлөн анхаарч дорвитой ажил хийсэн нь үгүй гэхэд хилсдэхгүй.
Олон улсад сэтгэл санааны хохирлыг татварын мөнгөөр шийддэг гэнэ. Үүнээс гадна гэмт хэрэгтнүүдээр албадан хөдөлмөр эрхлүүлж, хөдөлмөрийн хөлсийг нь тодорхой нэг санд төвлөрүүлэх замаар хохирогчдод туслалцаа үзүүлдэг гэх. Манай уг аргыг хэрэгжүүлэх боломжтой ч үүнийг хууль тогтоомжид тусгаж өгөөгүй. Товчхондоо, хохирогчдод үзүүлэх системтэй бодлого манайд дутмаг байдаг. Тиймээс хохирогчдийн олонх нь насан туршдаа сэтгэлийн шархтай, айж амьдрахад хүрдэг.