Дархан-Уул аймгийн прокурорын газраас энэ оны эхний хоёр сард Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчсөн 14 үйлдэлд хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулжээ. Үүнээс 10 хэргийн холбогдогчдод шийтгэл оногдуулан, албадлагын арга хэмжээ авахуулах саналтай шүүхэд шилжүүлж, дөрвөн хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүсийн хооронд үйлдэгдэж байгаа маргааны 71.4 хувь нь гэр бүлийн гишүүний хүч түрэмгийлсэн харилцаа, хандлагаас үүссэн бол 42.8 хувь нь хүүхдийн дэргэд хүчирхийлэл үйлдэж, эрхийг нь зөрчжээ. Мөн гэр бүлийн гишүүдийн үл ойлголцол, зүй бус харилцаа, бие биеэ үл хүндлэх, хардалт, ажилгүйдэл, архидалт, иргэдийн хууль, эрх зүйн мэдлэг, мэдээлэл дутмаг зэрэг нөхцөл байдлаас болж энэ төрлийн зөрчил ихээхэн үйлдэгдэж байна.
Тус аймгийн прокурорын газраас үйлдэгдэж буй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль” зөрчих зөрчлийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, гаралтыг нь бууруулах, урьдчилан сэргийлэх, хүүхэд, эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг сэргээх, тэднийг хамгаалах, хууль эрх зүйн зохих мэдлэг олгох чиглэлээр хууль сахиулах болон төрийн бус байгууллагатай хамтран үр дүнтэй ажил зохион байгуулах талаар Дархан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн даргад мэдэгдэл хүргүүлжээ.