Төрсөн дүүгээ хөнөөж, цогцсыг нь нүд халтирам болгож хаясан хэргийн шүүгдэгч С.Ганболдод холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт хэлэлцэхээр товлосон ч хойшлууллаа. Тус дүүргийн Прокурорын газраас С.Ганболдод Эрүүгийн хуулийн 10.1-2.8 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдын амийг хөнөөсөн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм. Гэвч шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Банзрагч коронавирусийн халдвартай хүний ойрын хавьтагч болж 14 хоногийн тусгаарлалтад орсноос үүдэн дөрөвдүгээр сарын 12-нд хэлэлцэхээр болов.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн урд, Маршалын гүүрний зүүн хойд хэсэгт байдаг тогтоол усанд дөрвөн хүүхэд осолдсон хэргийн яллагдагч Ш.Бат-Энхэд холбогдох хэргийг нэмж шалгуулахаар шүүх шийдвэрлэлээ. “Ханталст” ХХК-ийн захирал Ш.Бат-Энхэд Эрүүгийн хуулийн 10.6-2 дахь хэсэгт заасан “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон” гэх үндэслэлээр Баянзүрх дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байсан юм. “Ханталст” ХХК-ийнхан 2014 оны долдугаар сарын 18-нд тухайн үеийн Нийслэлийн орон нутгийн өмчит үйлдвэрийн газартай Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн баруун урд, Маршалын гүүрний зүүн хойд хэсэгт 3.36 га талбайд наран шарлагын газар байгуулах, 11.64 га-д мод бут тарьж, тохижилт хийх гэрээ байгуулсан байдаг. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийг шүүх хийгээд хавтаст хэрэгт цугласан баримтын хүрээнд гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэхдээ хууль зөрчсөн гэх зэрэг үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр болсон юм.
Эдгээрээс гадна ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга асан Б.Цогтбаатар, эм хангамжийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Болорчимэг, эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Н.Чимэдлхам тэргүүтэй 26 хүнд холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн даваа гарагт хэлэлцэх байсан ч шүүгчдэгч Р.Октябрь “Ковид-19” өвчний батлагдсан тохиолдлын ойрын хавьтагч болсон, шүүгдэгч Н.Бямбадорж эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралд ирээгүй, хоёр өмгөөлөгч нь шүүх хурал давхацсан зэрэг үндэслэлээр тавдугаар сарын 3-ныг хүртэл хойшлуулсан юм.
Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга асан, бэлтгэл хурандаа Н.Уламбаярт холбогдох хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өчигдөр хэлэлцэхээр зарласан ч бас л хойшлуулав. Учир нь улсын яллагч нь хуралд оролцох боломжгүйгээ илэрхийлснээс үүджээ. Н.Уламбаяр НОБГ-ын даргаар ажиллаж байхдаа 2016 онд ой, хээрийн түймэр унтраах тусгай зориулалтын автомашин нийслэлийн төсвийн 340 сая төгрөгийн хөрөнгөөр худалдан авах тендерт хамаарал бүхий аж ахуйн нэгжээ шалгаруулж албан тушаалаа урвуулсан хэрэгт холбогдоод буй.