Эртний, тэр дундаа Хүннү гүрний үеийн нэн ховор олдворуудыг худалдах гэж байсан хүмүүсийг ЭЦА-ны ажилтнууд өнгөрсөн долоо хоногт үйлдэл дээр нь дайчлан баривчилж, өдгөө мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Б.Хаш-Эрдэнэ, М.Адъяаням, А.Дэлгэрням, Б.Баярцэнгэл нар тэдгээр олдворыг Чингэлтэй дүүргийн нутагт өмнөд хөршийн иргэнд 650 гаруй сая төгрөгөөр худалдахаар тохиролцож байхад нь манай хууль сахиулагчид саатуулсан аж. Уг олдворын эзэн нь “Адам” гэх хочтой, хошин урлагийн “Эмоци” продакшны менежерээр ажилладаг М.Адъяаням хэмээх залуу бөгөөд тэрбээр хууль сахиулах байгууллагынханд мэдүүлэг өгөхдөө “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, археологич Д.Эрдэнэбаатар ээжтэй минь хамтран амьдарч байсан юм. Амьдралд чинь хэрэгтэй бол зарж борлуулна биз гэж надад бэлэглэсэн” хэмээн мэдүүлсэн сурагтай. Үүнтэй холбоотойгоор археологич, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Д.Эрдэнэбаатараас цагдаагийнхан тайлбар авахаар болоод буй гэнэ.
М.Адъяанямтай хамт саатуулагдсан А.Дэлгэрням нь “Хос билиг” хамгаалалтын албаны дарга нэгэн бол Б.Баярцэнгэл нь нэг бус удаа ял шийтгүүлж байсан залуу аж.
Тэдний худалдах гэж байсан Хүннү гүрний үеийн олдворуудыг 2017 оны арваннэгдүгээр сард Дэлхийн шинжлэх ухааны өдрийг тохиолдуулан “Өвөг монголчуудын хосгүй үнэт өв” үзэсгэлэнд дэлгэж олонд толилуулсан юм. Үүний нэг болох шилэн аяганы талаар судлаачид “Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Балгасын талын “Гол мод-2”-ын язгууртны булшийг судлахдаа археологич Д.Эрдэнэбаатарын удирдсан багийнхан олсон. Хамгийн содон олдвор нь Монголоос анх удаа олдсон Ромын шилэн аяга юм.
Ромын эзэнт гүрний үед үйлдвэрлэсэн, цагаан, хөх өнгийн шил хольж хийсэн маш нимгэн аяга нь Ази тивд төдийгүй Монголоос олдсон хамгийн эртний шилэн эдлэлийн цор ганц хосгүй үнэт дурсгал. Энэ аяга нь дэлхий дахинд цөөн байдаг, язгууртнуудын хэрэглээний бэлгэдлийн чанартай. Хүннү, Ром харилцаатай байсныг уг олдвор харуулж байна” хэмээн өгүүлсэн байдаг. Уг шилэн аяга нь ХБНГУ-д гурав, АНУ-д хоёр ширхэг хадгалагддаг аж. Аяганаас гадна шилэн гүц, чулуун сүх, хаш тээгийг дээрх хүмүүс худалдах гэж байсан гэнэ.
Олдворуудыг Монголбанкны Эрдэнэсийн санд шилжүүлэн хадгалуулах тухай яриа ч тухайн үед гарсан юм. Гэтэл ийнхүү хүмүүс дамжуулан гадаадынханд 650 сая гаруй төгрөгөөр худалдахаар болсон нь хачирхалтай. Хууль сахиулах байгууллагынхан удахгүй энэ асуудлыг нарийвчлан шалгаж тодорхой хариулт өгөх биз ээ.
Бэлтгэсэн: Г.Равжаа