УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан М.Сономпилийг хугацаанаас нь өмнө тэнсэн суллах шийдвэрийг Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн баасан гарагт гаргав. Улмаар түүнийг тус аймгийн Мөнгөнморьт сум дахь ШШГЕГ-ын харьяа хорих 417 дугаар ангиас сулласан юм. М.Сономпилийг Эрчим хүчний сайдаар ажиллаж байхдаа яамныхаа эрх бүхий албан тушаалтнуудад нөлөөлж, ЭХЯ-наас Дарханы дулааны цахилгаан станцын үнс хадгалах сан барих тендерт “Хотгор зам” ХХК-ийг ялуулахад нөлөөлснийхөө төлөө уг компаниас өөрийнхөө байгуулсан “Залуу Монгол”-ын дансаар 264 сая төгрөгийн хахууль авсан гэм буруутайд тооцож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны долдугаар сарын 24-нд дөрвөн жил хорих ял шийтгэн, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Харин “Хотгор зам” компанийн захирал Хайратаас авсан 264 сая төгрөгийг нь улсын орлогод хураахаар болсон билээ. Уг шийтгэх тогтоолыг давж заалдах шатны болон Улсын дээд шүүх хэвээр үлдээснээр дээрх хорих ангид ял эдэлж байсан юм. Тэрбээр эдлэх ёстой ялынхаа 50-иас дээш хувийг биеэр эдэлсэн, засрал хүмүүжлийг олсон хэмээн хорих ангийн удирдлага үзээд хугацаанаас нь өмнө тэнсэн суллах санал хүргүүлсний дагуу шүүх магадлангийн хурал хийгээд ийнхүү хугацаанаас нь өмнө гаргажээ.
Мөн эрх мэдэл, албан тушаалаа ашиглан ЖДҮХС-гаас нэн хөнгөлөлттэй зээл авч, зориулалт бусаар зарцуулсан гэм буруутайг нь гурван шатны шүүх тогтоосон УИХ-ын гишүүн асан Г.Солтаныг өнгөрсөн пүрэв гарагт сулласан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гуравдугаар сарын 8-ны Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ял эдэлж байсан нярай болон олон хүүхэдтэй, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн 21 ээжид, мөн гуравдугаар сарын 22-ны Наурызын баярыг тохиолдуулан зурагт, зуух, гар утас хулгайлсан гэх мэт анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нэр бүхий казах иргэдэд уучлал үзүүлсэн аж. Улмаар ШШГЕГ-ын харьяа 407, 461, 419, 445, 429, 425 дугаар хорих ангид ял эдэлж байсан 31 иргэнд уучлал үзүүлж, эдлээгүй үлдсэн хорих ялаас бүрэн чөлөөлөв. УИХ-ын гишүүн асан Г.Солтанд холбогдох хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны долдугаар сарын 29-нд хэлэлцээд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, гурван жил хорих ял оноосон. Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа өөрөө үүсгэн байгуулсан, захирлаар нь хүү С.Ахмед, менежерээр эхнэр Б.Алтанчимэг нь ажилладаг “Монгол шаазан” ХХК-д малын тэжээл үйлдвэрлэх төслийн зориулалтаар урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авахын тулд тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригт нөлөөлөн 950 сая төгрөгийн зээл олгох шийдвэр гаргуулсан хэрэгт ял шийтгүүлсэн юм.
Бэлтгэсэн: Г.Равжаа