Хүннүгийн үед хамаарах нэн эртний олдвор худалдаалах гэж байсан бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгаж байна. Тодруулбал, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид Монгол улсын нутаг дэвсгэрээс олдсон байж болзошгүй “Шилэн гүц”, “Хаш тээг” зэрэг Хүннүгийн үед хамаарах нэн эртний түүх, соёл, археологийн олдворыг хууль бусаар худалдан борлуулах гэж байсныг таслан зогсоов. Уг хэрэгт Монгол Улсын иргэн А, Х, Д, А нарыг холбогдуулан Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлд зааснаар буюу Соёлын биет өвийн хууль бус худалдааг зохион байгуулах, зуучлах гэсэн үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. Эрүүгийн хуулийн 25.5.1 дэх хэсэгт “Соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол 5400-27 000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэдэг. Мөн хуулийн 25.5.2 дох хэсэгт “Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байна.
Нэмэлт мэдээлэл: Эртний Ром гүрэн нь шилэн эдлэл урлахдаа цэнхэр өнгө гаргаж авч чаддаггүй байсан бөгөөд одоогийн Афганистан улсын тусламжтайгаар /тухайн улсад байдаг цэнхэр өнгөтэй чулууг ашигладаг байсан гэх/ гаргаж авдаг байсан тул тухайн үед цэнхэр өнгөтэй шилэн эдлэл нь ховор, үнэтэйд тооцогддог байсан гэж эрдэмтэн судлаачид үздэг байна.
Эртний Грек, Ромын эзэнт гүрэнд ашиглаж хэрэглэдэг байсан эдлэлийг Монголын эзэнт гүрний хаадууд алба гувчуур бэлэг сэлт авахдаа өргөн сонгодог байжээ.
Дээрхтэй адил шилэн эдлэл нь Евроазийн археологийн түүхэнд нийт зургаа олдсон бөгөөд хамгийн сүүлд олдсон нэн эртний шилэн эдлэлийг Монголбанкны Эрдэнэсийн сан хөмрөгт хадгалдаг аж.