Загвар өмсөгч С.Эрдэнэцогт өнгөрсөн нэгдүгээр сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэргээр хууль хяналтын байгууллагын хаалга татсан. Тодорхой хэлбэл, хамтран амьдрагчаа зодсон загвар өмсөгчид шүүх Зөрчлийн тухай хуулийг үндэслэн 15 хоног баривчлах шийтгэл ногдуулсан юм. Тэгвэл С.Эрдэнэцогт саяхан төлбөртэй өрөөнд хоригдсон хэмээн олон нийтийн сүлжээгээр ярьлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас дээрх мэдээлэлд тодорхой тайлбар хийв. Тодруулбал, "Хорих ангиудад төлбөртэй өрөө байхгүй. Хорих ял эдлүүлэх үйл ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хорих ангийн дотоод журам, Харуул хамгаалалтын журам зэрэг эрх зүйн актуудаар зохицуулдаг. Ял эдлэх өрөөг төлбөртэй байлгах зохицуулалт байхгүй" гэв. Харин Зөрчлийн тухай хуулиар баривчлах шийтгэл оногдуулсан иргэдийг шүүхээс заагдсан хугацаанд баривчлах шийтгэлийг хэрэгжүүлдэг хоёр байр нийслэлд бий гэнэ. Уг байруудын үйл ажиллагааг “Баривчлах байрны дотоод журам”-аар зохицуулдаг бөгөөд иргэн гэдэг утгаар нь хувь хүн хүсэлт гаргавал ганцаараа байх боломжоор хангадаг аж. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн улмаас ял шийтгүүлээгүй учраас аль болох иргэний эрхийг нь хөндөхгүй байх үүднээс төлбөртэй өрөөний зохицуулалт хийж өгсөн байна. Уг ажиллагаатай холбогдуулж гаргасан зардлыг иргэнээс гаргуулж, улсын төсөвт төвлөрүүлдэг юм байна.