Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг өнөөдөр хэлэлцэхээр товлосон. Гэвч хохирогч Ш.Баярсайханы өмгөөлөгч Ц.Хишигбаяр, Э.Билгүүн нар өвчний учир шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргажээ. Мөн хохирогч нэмж өмгөөлөгч авсан гэнэ. Улмаар өмгөөлөгч О.Батсүх хавтаст хэргийн материалтай танилцах боломжоор хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг мөн шүүхэд ирүүлжээ. Хэргийг хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч С.Батдэлгэр багтсан. Шүүгч С.Батдэлгэрийг уг хэргийн оролцогч талуудтай холбоотой гэх шүүмжлэл цахим сүлжээнд гарсан. Тиймээс шүүгч энэ хэргийг хянан шийдвэрлэхээс татгалзсан байна. Шүүх бүрэлдэхүүн шүүгчийн санал болон өмгөөлөгч нарын шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг хүлээн авчээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны наймдугаар дугаар сарын 6-нд “Эрэл”-ийн Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох хэргийг хэлэлцээд 525 дугаартай шийтгэх тогтоолоор Д.Сэргэлэнг гэм буруугүй хэмээн цагаатгаж, Д.Эрдэнэбатад долоон жилийн ял оноосон. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцсэн. Ингээд 1489 дугаартай магадлалаар, анхан шатны шүүхийн 525 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг шалгаж тогтоогоогүй гэсэн үндэслэлээр шүүгдэгч Б.Эрдэнэбатад холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дамжуулан нийслэлийн Прокурорын газарт буцааж, 100.000.000 /нэг зуун сая/ төгрөгийн барьцаатайгаар батлан даалтад гаргасан.
Хэргийн талаар эргэн сануулахад, “Эрэл” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, түүний эхнэр Д.Сэргэлэн нарыг бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэх үндэслэлээр цагдаагийн байгууллага шалгасан. “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх комбинат-1” (БҮК-1) үйлдвэрт тодорхой хөрөнгө оруулж, хувьцаа эзэмшигч болсон гэдэг. Тодруулбал, 2016 оны арваннэгдүгээр сард тэд хамтран ажиллах гэрээ байгуулж, Ш.Баярсайхан банкны ашиг, үйлдвэрийн орлогоос хувь хүртэхээр тохирсон байна. Улмаар Ш.Баярсайхан “Ариг” банк, БҮК-1 үйлдвэрт хөрөнгө оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэхдээ Б.Эрдэнэбат гэрээний үүргээ биелүүлэлгүй ашиг, орлогоо хувьдаа зарцуулсан хэрэгт орооцолдсон. Улмаар Ш.Баярсайхан өөрийгөө залилуулсан хэмээн үзэж, Б.Эрдэнэбатыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан юм.