Үндэсний аудитын газраас төрөөс бүх нийтийн ерөнхий боловсрол олгож буй өнөөгийн байдалд аудит хийжээ. Тодруулбал, БШУЯ, Сангийн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, аймаг, нийслэлийн ЗДТГ, Боловсролын газар, төрийн болон хувийн өмчийн сургуулиудын 2016-2018 оны үйл ажиллагааг хамруулан аудит хийж гүйцэтгэсэн байна. Аудитын дүнд үндэслэн холбогдох байгууллагуудад нийт 19 зөвлөмжийг хүргүүлсэн гэнэ. Тус аудитын дүгнэлтэд боловсролын хууль тогтоомж, сургалтын үйл ажиллагааг цогц байдлаар зохицуулаагүй, эрх зүйн орчин өнөөгийн шаардлагад бүрэн нийцээгүй, харилцан уялдаагүй байгаа талаар тусгажээ. Улмаар салбарын хөрөнгө оруулалтыг бодит хэрэгцээ шаардлага, судалгаа тооцоололд үндэслэж оновчтой төлөвлөх зөвлөмжийг зарим газарт тусгайлан өгчээ. Мөн Засгийн газар нэг суралцагчид ногдох хувьсах зардлын дундаж нормативыг 2016 оноос хойш шинэчлээгүйгээс төсвийн төлөвлөлт, хуваарилалт бодитой бус, салбарын яамны зүгээс тусгай зориулалтын шилжүүлгийн гүйцэтгэлд тавих хяналт хэрэгжүүлдэггүйг тогтоосон гэнэ. Санхүүжилтийн үр ашгийг сурагчдын гүйцэтгэл, сургалтын чанартай уялдуулан тооцож, дүгнэх тогтолцоо бүрдээгүйг ч аудитынхан тайландаа тусгажээ.