Улаанбаатар хотод "Ковид-19"-ийн халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан шар түвшний дэглэмийг улбар шар түвшинд 14 хоногийн хугацаатай шилжүүлсэн. Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Р.Чингисээс энэ талаарх зарим зүйлийг тодрууллаа.
-Нийслэлд гамшгийн зэргийг нэг шат ахиулж, улбар шар түвшинд аваачлаа. Ингэснээр Улаанбаатар хотын бизнес эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжийн хэдэн хувь нь ажиллахгүй вэ?
-Шар түвшинд 23 297 аж ахуйн нэгж, байгууллагын 90 903 ажилтан, албан хаагч ажиллаж байсан. Энэ нь нийт аж ахуйн нэгж, байгууллагын 92 хувийг эзэлж байлаа. Харин улбар шар түвшинд шилжсэнээр 85 хувь нь ажиллаж байна. Шар түвшинд зарим салбарынхан хүчин чадлынхаа 50 хувиар ажиллаж байсан бол улбар түвшинд 30 хувь болгосон. Тэрнээс үйл ажиллагааг нь зогсоосон салбар байхгүй. Жишээ нь, үзвэр үйлчилгээний газар нийт суудлынхаа тооны 30 хувиас хэтрэхгүй иргэдэд үйлчилж байна.
-Шийдвэрийн хэрэгжилтэд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Шар түвшинд байхад өргөн хүрээтэй шалгалт хийсэн. Нийслэлийн Захирагчийн ажлын алба болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын албан хаагч нар хэм хэмжээнийхээ хүрээнд шалгалтууд хийж, түгээмэл зөрчлүүдийг илрүүлсэн. Тухайлбал, QR код байршуулаагүй, хүн хоорондын зай бариулаагүй, халдваргүйжүүлэлт хийгээгүй гэх мэт зөрчил илэрч байлаа. Тоо дурдвал, нийт 60 741 аж ахуйн нэгж, байгууллагад тусгай нөхцөл шаардлагуудыг хүргэн, сурталчлан, хэрэгжилтэд хяналт тавьж 4106 зөрчил илрүүлэн, 2580 зөрчлийг газар дээр нь арилгуулж, зөвлөн туслах үйлчилгээ үзүүлсэн.
-Аж ахуйн нэгжүүд дэглэмээ хэрхэн мөрдөж байна вэ. Үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага бий юү?
-Удаа дараа зөрчил гаргасан, зөрчлийг нь сануулсаар байтал арга хэмжээ аваагүй аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг нь цуцлах саналаа холбогдох байгууллагад хүргүүлж байна. Өнөөдрийн байдлаар үйл ажиллагааг нь зогсоосон байгууллага байхгүй.
-Төрийн албан хаагч зорилтот бүлэгт олгох хүнсний тусламжийг дундаас нь авсан гэх мэдээлэл гарсан. Хүнсний тусламж зорилтот бүлэгтээ хүрч байгаа эсэхэд хэрхэн хяналт тавьж байна вэ?
-Ийм асуудал мэр сэр гардаг. Бид тэдгээр албан хаагчийг илрүүлж, арга хэмжээ авсан. Аль болох шат шатанд хяналт, шалгалтыг хэрэгжүүлэх, хороо, хэсгийн ахлагч гэх мэтчилэн хүмүүст тодорхой чиглэл өглөө. Цаашид ийм асуудал гаргахгүй байх тал дээр өргөн хүрээтэй ажил зохиож, иргэдийг мэдээллээр хангаж ажиллана.
-ПСР-ын шинжилгээ өгье гэхээр цаг нь дуусчихсан, утсаа авдаггүй гэх мэт гомдол их гарч байна. Үүнийг шийдвэрлэх тал дээр хэрхэн ажиллаж байна вэ?
-"Нэг хаалга-Нэг шинжилгээ" үр дүнтэй хэрэгжсэн. Хөдөө орон нутаг руу зорчих, хүндэтгэн үзэх шалтгаантай иргэдээс шинжилгээ авах зорилготойгоор дүүрэг бүрд ПСР шинжилгээний цэг ажиллуулж буй. Харамсалтай нь, байгууллага бүр ПСР шинжилгээ шаардаж, ачаалал нэмсэн. Бид үүнийг шийдэхээр шинжилгээний цэг, хүн хүчээ нэмсэн. Хүн бүр ПСР-ын шинжилгээнд хамрагдах шаардлагагүйг иргэд ойлгох хэрэгтэй. ПСР шинжилгээ өгсөн нь халдвар авахгүйн баталгаа биш. Гол нь амны хаалтаа зүүж, гараа угааж, хүн хоорондын зайгаа барих хэрэгтэй. Хүндэтгэн үзэх шалтгаантай болон хөдөө орон нутаг руу зорчих иргэд л ПСР шинжилгээ өгөх шаардлагатай.
-Вакцинжуулалтын хэдэн цэг ажиллаж байна вэ?
-44 цэг ажиллаж байна. Хувийн хэвшлийн эмнэлгүүд, хөдөө орон нутгийн эмч нарыг дайчлан, цаашид цэгийн тоог нэмэхээр төлөвлөсөн. АстраЗенекагийн хоёр дахь тунг 56 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 10 хавьцаа хийнэ. Синофармын хоёр дахь тунг дөрөвдүгээр сарын 6, 7-ны орчим хийхээр байгаа.
-Эмч нарын ажлын ачааллыг тэнцвэржүүлэхэд хэрхэн анхаарч байна вэ?
-Энэ асуудлыг УОК, НОК дээр хөндөж, резидэнт эмч нарыг дайчлан ажиллуулж, илүү цагийн мөнгө, хоол, хүнсний асуудлыг шийдэж байна. Мөн амралтын асуудлыг ч ярьж байгаа. Эмч нар 24 цагаар ээлжилж ажиллаж байна. ЭМЯ, УОК эрүүл мэндийн ажилтнуудаа нэг өдөр амраая гэх зүйл ярьсан. Гэхдээ вакцинжуулалтын ажлыг алдагдуулахгүйгээр, сэлгээд ажиллуулна.