Шинэчлэн найруулсан Шүүхийн тухай хуулийг энэ сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэнтэй холбогдуулан Улсын дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн боллоо. Шүүгчдийн зөвлөгөөнд 22 шүүгч оролцож, 91.6 хувийн ирцтэй хуралдав. Хуралдаанаар Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний дэгийг шинэчлэн баталж, Улсын Дээд шүүхэд ирсэн хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилох, хуралдаан даргалагчийн дарааллыг тогтоох журмын төслийг хэлэлцлээ. Улмаар нийт шүүгчдийн чуулганаар хэрэг, нэхэмжлэл, гомдол, хүсэлт хүлээн авах, хуваарилах болон хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг сугалаагаар томилох нийтлэг журам батлагдах хүртэлх хугацаанд баримтлах түр журмыг баталлаа. Шинэчлэн батлагдсан хуулиар Танхимын тэргүүнийг Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонгохоор заасны дагуу Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүнүүдийг сонгох асуудлыг мөн хэлэлцэж, Эрүүгийн хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч Б.Цогт, Ч.Хосбаяр нараас шүүгч Ч.Хосбаярыг, Иргэний хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшиж өрсөлдсөн шүүгч П.Золзаяа, Г.Алтанчимэг нараас шүүгч Г.Алтанчимэгийг, Захиргааны хэргийн танхимын тэргүүнд нэр дэвшсэн шүүгч Ч.Тунгалагийг олонхын саналаар Танхимын тэргүүнээр сонгов. Түүнчлэн, Монгол Улсын Шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Нийт шүүгчдийн чуулганыг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүнээр шүүгч Д.Эрдэнэбалсүрэн, Д.Мөнхтуяа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс сонголоо. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2020 оны арванхоёрдугаар сард шүүгч Ц.Цогтыг, 2021 оны хоёрдугаар сард шүүгч С.Соёмбо-Эрдэнийг Улсын дээд шүүхийн шүүгчээр тус тус томилсон. Мөн 2021 оны нэгдүгээр сард шүүгч Ц.Амарсайханы шүүгчийн бүрэн эрхийг сэргээснээр Улсын дээд шүүх нь 24 шүүгчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж буй билээ.