Цагаан сарын босгон дээр иргэддээ танилцуулсан “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын төлөвлөгөө”-гөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газраа байгуулаад 20 хоногийн дараа баталлаа. Монголбанктай хамтран ирэх гурван жилд зах зээлд 10 их наяд төгрөг нийлүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэх явцад инфляц өсөхгүй байх, өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, шатахууны үнийг хөөрөгдөхгүй байхаас урьдчилан сэргийлэхийг Ерөнхий сайд сануулав. Ингэхдээ мөнгө хэвлэхгүйгээр, Монголбанканд байгаа найман их наяд төгрөгийг эргэлтэд оруулах замаар эдийн засгаа идэвхжүүлж, ажлын байр бий болгон, иргэдээ орлоготой байлгахаар зорьж байгааг онцоллоо.
Төлөвлөгөөний дагуу жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл өгнө. Мөн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжих зорилгоор 500 тэрбум төгрөг гаргахаар төлөвлөжээ. Ингэхдээ банк санхүүгийн байгууллагуудтай хамтран ажлын байрыг дэмжих, хөдөө аж ахуйн зээлд хамрагдах зээлдэгч нарт үзүүлэх хүүгийн хөнгөлөлтийн зардлыг батлагдсан төсвийн хүрээнд зохицуулалт хийх замаар олгох нь. 2022-2024 онд шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгахаар болжээ. Улмаар Зээлийн батлан даалтын сангийн санхүүгийн чадавхыг нэмэх зорилгоор 50 тэрбум төгрөгийн өрийн хэрэгсэл гаргахыг зөвшөөрлөө.
Өрийн хэрэгслийг Хадгаламжийн даатгалын корпорацаас худалдан авч, Зээлийн батлан даалтын сангийн өөрийн хөрөнгийг нэмэгдүүлэхээр гаргасан хөрөнгийг 10 жилийн хугацаанд жил бүр тэнцүү хэмжээгээр төсөвт тусган санхүүжүүлэх аж. Ажлын байрыг дэмжих зээлтэй холбоотой гэрээг Монголбанк, Зээлийн батлан даалтын сан, Хадгаламжийн даатгалын корпорац, арилжааны банкууд байгуулах юм. Энэ мэтчилэн төлөвлөгөөнд тусгасан арга хэмжээний сөрөг үр дагаврыг аль болох бага байхаар тооцож, “зөөлөн газардуулах” бодлого хэрэгжүүлж чадах, эсэх нь эл бодлогын эцсийн үр дүнг тодорхойлно.
Эдийн засгаа сэргээхийн зэрэгцээ иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах нь уг төлөвлөгөөний нэг тал. Коронавирусийн халдварын тархалтыг хумих, өвчлөлөөс сэргийлэх хатуу хөл хорио энэ өдрүүдэд үргэлжилж байна. Гэвч онцгой болон өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм хүн бүрт тэгш үйлчлэхгүй, эргэж, буцсан шийдвэр нь иргэдийн толгойг эргүүлсэн хэвээр. Тиймээс ч ирэх 22-нд эхний ээлжийн вакциныг авчирч, дараа өдрөөс нь дархлаажуулалтын ажлыг эхлүүлэх гэж буй энэ үед зохион байгуулалтад нь эргэлзэх сэтгэл төрж буйгаа нуух юун.