Коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх Улсын Онцгой комиссын мэдээллийн үеэр Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг тусгай нислэгийн талаар танилцууллаа.
Тэрбээр “УОК-оос энэ сард хилийн чанадаас иргэдээ татан авах тусгай нислэгийн тоог нэмэхээр ажиллаж байна. Мөн ирэх гуравдугаар сард тусгай нислэгийн тоог гурав дахин нэмж 12 болгохоор төлөвлөгөөтэй ажил явагдаж байна. Өмнөх саруудад 4-5 тусгай нислэг байсан бол ийнхүү нэмэгдүүлж байгаа юм.
Түүнчлэн Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан гадаадаас тусгай нислэгээр ирсэн иргэдийг 14 хоног тусгаарлахгүйгээр хугацааг багасган арав хоногоос хэтрүүлэхгүй байх чиглэлийг өгсөн юм. Ингэснээр гадаадаас иргэдээ татан авах хурд нэмэгдэнэ хэмээн үзэж байна” гэлээ.