Коронавирусийн халдвар дэгдсэнээс хойш нийслэлд гурав дахь удаагаа бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоолоо. Энэ удаагийн хөл хорионы тав дахь хоног нь өчигдөр дуусав. Өөрөөр хэлбэл, энэ сарын 11-23 хүртэл зарласан 12 хоногийн хатуу хөл хорионы хугацаа бараг талдаа орж байхад ойлгомжгүй, бүтэлгүй, учир нь олдохгүй шийдвэр, шийдлүүд үргэлжилсээр байна. Өмнөх алдаануудаасаа суралцан, туршлагажсан тул хөл хорионы үеийн арга хэмжээг үр бүтээлтэй, маш нарийн төлөвлөгөөтэй, өндөр түвшинд зохион байгуулна хэмээн мэдэгдэж байсан албаныхны ам, ажил бас л зөрлөө. Үүнийх нь хөлд мэдээж иргэд “чирэгдэж”, уур, бухимдлаа барахад хүрэв.
“Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн 14 салбарын ажиллагсад ажилдаа очихын тулд заавал PCR шинжилгээ өгсөн байх ёстой. Ийм бичиггүй бол замын хөдөлгөөнд оролцуулахгүй” гэсэн шаардлагыг өчигдөр өглөөнөөс замын цагдаагийн алба хаагчид иргэдэд тавьж эхлэв. Үүнээс болж цагдаагийнхан шалгаж буй хэсгүүдэд замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, түгжрэл үүслээ. Хамгийн гол нь урьдчилан мэдээлээгүй хэрнээ гэнэт ийм шаардлага тавьсанд иргэд ихэд бухимдсан юм. Хөл хориог өндөр түвшинд сахиулж, үр дүнд хүргэн, коронавирусийн халдварын тархалтыг хумина хэмээн ам бардам мэдээлж байсан албаныхан дахиад л “бүдэрч”, бэлтгэл сайн хангаагүй, уялдаа холбоогүйгээ ийнхүү нотлов.
Хөл хориог өндөр түвшинд сахиулж, үр дүнд хүргэн, коронавирусийн халдварын тархалтыг хумина хэмээн ам бардам мэдээлж байсан албаныхан дахиад л “бүдэрч”, бэлтгэл сайн хангаагүй, уялдаа холбоогүйгээ ийнхүү нотлов.
Цагдаагийн байгууллагын эрх бүхий эх сурвалж “Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед иргэдийн эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хүнс, ус, түлш, эм, эмнэлгийн хэрэгслийн худалдаа эрхлэх байгууллагаар үйлчлүүлэх, зорчих хөдөлгөөний түр журмын 4.2-т заасныг хэрэгжүүлж байна” хэмээн уг үйл ажиллагааны талаар тайлбарласан юм. Тэрхүү түр журмыг энэ сарын 10-нд Улсын онцгой комиссын дарга С.Амарсайханы тушаалаар баталжээ. Журмын дөрөв дэх хэсэгт үйл ажиллагааг нь хориглоогүй албан байгууллагын ажилтны зорчих хөдөлгөөнд тавигдах шаардлага, хүлээх үүргийн талаар тусгажээ. Тэгвэл 4.2-т нь “Ажилтан, албан хаагч нь иргэний болон ажлын үнэмлэх, коронавирусийн халдварын шинжилгээний хариу бүхий бичгийг биедээ заавал авч явна” хэмээн заасан байна. Энэ нь хувийн болон нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон бүх ажилтан, алба хаагчид хамааралтай аж.
Гэтэл УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг хэдхэн хоногийн өмнө буюу энэ сарын 13-нд “Зөвшөөрөгдсөн 14 салбарын ажилтнуудаас PCR шинжилгээний хариу шаардаж байна гэсэн. Ийм зүйл байхгүй. Энэ мэт ойлголтын зөрүүтэй асуудлыг засаж залруулж буй. Зарим нэг алдаа дутагдал гарч байгаад дахин хүлцэл өчье. Хүний хүчин зүйл, хандлагын асуудлаас болж алдаа гарч байна. УОК-оос хүнс тээвэр, хэвлэл мэдээлэл зэрэг шаардлагатай үед ажиллаж буй салбарын ажилтнуудыг шат дараатай PCR шинжилгээнд хамруулахаар ажиллаж байгаа. Удахгүй хуваарь зарлана” хэмээн мэдээлсэн билээ.
Ийнхүү УОК-ын шийдвэр урваж хөрвөсний уршгаар олон нийт хэнд нь итгэхээ мэдэхгүй эргэлзэх болов. Бас шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй тул хөл хорионы хугацаанд ажиллаж байгаа салбарынхан гурав хоноод л шинжилгээ өгөх ёстой гэсэн шийдвэрийг аль нэг дарга нь бас гаргачихжээ. Үнэхээр эл шийдвэрийг мөрдөх үү, яах ёстой вэ гэдгийг өчигдөр албаныхнаас тодруулахад тийм ч гэсэнгүй, бас үгүй ч хэмээсэнгүй. Хэвлэлийнхний асуултад ийм “бөөрөнхий” хариулт өгдөг албаныхан иргэдэд юу гэж мэдээлсэн бол.
Энэ талаар лавлахаар нийслэлийн Шуурхай мэдээллийн төвийн 1800- 1200 дугаарын утсанд холбогдоход “PCR шинжилгээний хариу 72 цаг л хүчинтэй. Нийтийн тээврийн хэрэгслээр зорчсон ч шинжилгээний бичиг шаардлагатай” гэх жишээтэй. Гэтэл нөгөө талд нь нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар шинжилгээний бичиг 72 цаг хүчинтэй гэдэг нь ташаа хэмээн мэдэгдээд, ингэж мэдээлсэн албан тушаалтнуудыг “эрэн сурвалжилж” эхлэв. Улмаар 14 салбарын ажилтан, албан хаагчид заавал шинжилгээ өгөх шаардлагагүй гэх утгатай зүйл ярьсан билээ.
Нэгэнт ингэж шаардаад эхэлсэн тул иргэд ажилдаа явахын тулд өчигдрөөс шинжилгээ өгөхөөр цэгүүдэд дугаарлаж, нэлээд ачаалал үүслээ. Ингэснээр шинжилгээ өгөх иргэдийн тоо өмнөх өдрөөсөө бараг хоёр дахин нэмэгдсэн байна. Сонгинохайрхан дүүрэгт 62 дугаар, Хан-Уулд 34 дүгээр, Баянзүрхэд 133 дугаар сургуульд нэлээд дараалал үүсжээ. Тэр дундаа 34 дүгээр сургуульд ачаалал эрс ихсэж, 10.00 цагийн үед шинжилгээний цэг нээгдэхэд 100 гаруй хүн дугаарласан байв. Тухайн цэгт эхлээд ганц мэргэжилтэн иргэдээс сорьц авч байжээ. Гэтэл иргэдийн тоо эрс нэмэгдсэн тул нэг мэргэжилтнийг нэмж ажиллуулсан гэнэ. Гэсэн ч дараалал, ачаалал багасаагүй бөгөөд 13.00 цагт тэнд очсон иргэн цэг хаах 17.00 цагтай уралдан арайхийн шинжилгээ өгснөө ярьсан юм. Тэрбээр “13.00 цаг өнгөрөөгөөд ирэхэд бараг 200 гаруй хүн байсан байх. “Цэг 17.00 цагт хаах учраас бүх иргэнээс сорьц авч амжихгүй” гэж тэнд хамгаалалтад гарсан алба хаагчид хэлж, зарим хүнийг сургуулийн хашаа руу оруулахгүй буцаасан. Бас “Нисэхэд байдаг долдугаар сургуульд цэг нээсэн, тийшээ яв” гэсний дагуу нэг хэсэг хүн явсан. Тэгсэн хэрнээ л үлдсэн хүмүүс нь 2-3 цаг дугаарлалаа. Цэг хаасан ч олон хүн үлдчихсэн, яах вэ гэж байсан” хэмээсэн юм. Олон нийтийн хөдөлгөөнийг 98 хувиар бууруулж, цар тахлыг хяналтдаа авах зорилготой хөл хорионы үеэр нийслэлчүүд Цагаан сар тэмдэглээгүй, эрүүл мэндийн байгууллагуудын зөвлөмжийн дагуу айл хэсээгүй, гэртээ зочин уриагүй. Гэтэл төр, засаг нь шинжилгээ авах нэрээр ийнхүү иргэдийг нэг дор олноор нь цуглуулж, хүйтэнд 2-3 цаг зогсоов.
PCR шинжилгээ тойрсон эл асуудлаар албаныхан юу хэлснийг хүргэе.
НИЙСЛЭЛД БАЙНГЫН 17 ЦЭГ БАЙНА
С.ЭНХБОЛД (Эрүүл мэндийн сайд):
-Нийслэлийн хэмжээнд шинжилгээний байнгын 17 цэг байна. Хөл хорионы үеэр ажиллах 26 000 гаруй хүнийг шинжилгээнд хамруулах зорилгоор тэдгээр цэгийг нээсэн. Тиймээс үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн байгууллагын ажилтнууд байнгын цэгүүдэд очиж, шинжилгээ өгөх ёстой.
72 ЦАГ ХҮЧИНТЭЙ ГЭЖ ХЭН ХЭЛСЭН БЭ
Д.СУМЪЯАБАЗАР (Нийслэлийн Засаг дарга):
-Шинжилгээний хариу 72 цаг хүчинтэй гэж хэн хэлсэн бэ. Ингэж ярьсан хүмүүсийг тодруулж, иргэдийг төөрөгдүүлдэг явдлыг засаж залруулаарай. “Нэг хаалга, нэг шинжилгээ” аяны хүрээнд өрх бүрээс нэг хүн шинжилгээнд хамрагдана. Тэгвэл гэр бүлийн бусад гишүүн шинжилгээнд хамрагдсан гэх бичиг аваад эмийн сан, эмнэлгээр үйлчлүүлэх эрхтэй. Гэтэл хүн бүрээс шинжилгээ авна гэж хэн нь хэлчихэв ээ. Бидний зорилго бол өрх бүрээс шинжилгээ авах. Хүн бүрээс шинжилгээ авах боломжгүй. Тиймээс иргэд хоёрдугаар сарын 8-наас хойш шинжилгээ өгсөн бичгээ үзүүлээд зорчиж болно.
ШИНЖИЛГЭЭ ӨГӨӨГҮЙ ХҮНИЙГ ХӨДӨЛГӨӨНД ОРОЛЦУУЛАХ НЬ СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ
А.АМБАСЭЛМАА (ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга):
-PCR шинжилгээний хариу 72 цагийн хугацаанд хүчинтэй. Энэ нь коронавируст халдварын нууц үеийн хугацаатай холбоотой. Эхний шинжилгээний хариу сөрөг гарсан ч 72 цагийн дараа дахин шинжилгээ өгөхөд эерэг гарах магадлал бий. Нийслэлийн хэмжээнд халдвар илрүүлэх томоохон арга хэмжээ зохион байгуулж буй энэ үед шинжилгээ өгөөгүй хүнийг хөдөлгөөнд оролцуулах нь сөрөг нөлөөтэй. Тиймээс тухайн өрхөөс шинжилгээ өгсөн хүн нь гадагш гарахаар хувийн ажлаа зохицуулах ёстой. Халдвараас сэргийлэхийн тулд л хүн бүрээс PCR шинжилгээний хариуг хугацаатай нь шаардаж байгаа.
ХАЛДВАР ЗӨӨВӨРЛӨХ ЭРСДЭЛЭЭС БОЛГООМЖЛОХ ЁСТОЙ
Ж.АМГАЛАН (ЦЕГ-ын дэд дарга, хурандаа):
-Иргэдийн болон автомашины хөдөлгөөнийг хязгаарлах, аль болох бага байлгах нь нэн ач холбогдолтой. Тийм учраас иргэд аль болох хөдөлгөөнд оролцохгүй байхад анхаараарай. Төрийн албан хаагчдын тав хүртэлх хувийг ажиллуулахаар зохион байгуулалт хийсэн ч өнөө өглөө нэлээд ачаалал үүслээ. Зарим газар хүмүүсээ зохион байгуулалтад оруулаагүй, хуваарилалт хийгээгүйгээс автомашины хөдөлгөөн нэмэгдсэн. Төрийн байгууллагууд өнөөдөртөө багтаад (өчигдөр) энэ асуудлаа шийдье. Төрийн захиргааны ажилтан, албан хаагчдаас коронавирусийн шинжилгээ авчихсан. Гэвч тэд шинжилгээний хариугаа биедээ авч явахгүй байна. Тэгсэн мөртлөө зам дээр очоод би шинжилгээ өгчихсөн гээд байгууллагынхаа үнэмлэхийг үзүүлээд түгжрэл үүсгэх боллоо. Зөвшөөрөгдсөн байгууллагууд PCR шинжилгээ хийлгэсэн хүмүүсийг л ажиллуулах шаардлагатай. Шинжилгээ өгөөгүй байж хөдөлгөөнд оролцож, халдвар зөөвөрлөх эрсдэлээс бид болгоомжлох ёстой.
Бэлтгэсэн: М.Оч