Цар тахал өвчнийг даван гарах хамгийн энгийн арга бол нэгдсэн бодлого, мэдээлэлтэй, зөв зохион байгуулалттай байх. Гэтэл УОК болон НОК-ийн шийдвэрүүд нь хоорондоо зөрж, ямар ч уялдаа холбоогүйн улмаас иргэд төөрөгдсөөр бүр туйлдаж гүйцлээ. Тухайлбал, Өнөөдрөөс үйл ажиллагаа нь хэвийн үргэлжлэх 14 байгууллагын ажилчид ихэнх нь ажилдаа хоцорч, зарим нь ажилдаа очиж чадалгүй гэр лүүгээ буцав. Учир нь хязгаарлалт тогтоогоогүй 14 байгууллагын ажилчид ажлын газрын тодорхойлолт болон ажлын үнэмлэхээ үзүүлээд зорчино хэмээн Засгийн газар болон Улсын онцгой комиссоос бидэнд мэдээлсэн. Гэтэл өнөөдөр ажилдаа явах гэсэн иргэдээс PCR шинжилгээ өгсөн байх шаардлагыг тавив. Иргэд энэ талаар ямар ч мэдээлэл байгаагүй улмаас өнөөдөр замын хөдөлгөөнд ихээхэн ачаалал үүсэж шинэ долоо хоног хүндхэн эхлэв. Нэгэнт ийм шаардлага тавьж байгаа учраас шинжилгээ өгөх цэгүүдэд иргэд очиж, оочирлож эхлэлээ. Жишээ нь нэг дүүрэгт хоёроос гурван шинжилгээ авах цэгтэй. Нэг цэгт нэг л эмч ажиллаж байгаа бөгөөд иргэд шинжилгээ өгөхөөр 3-4 цаг хүлээж, бөөгнөрөл ихээхэн үүсэж байна гэдгийг иргэд хэлж байна.
Мөн шинжилгээний хариу 72 цагийн хугацаатай хүчин төгөлдөр үйлчилнэ хэмээн УОК-ийн ажлын албаны хүмүүс нь өнөөдөр мэдээлэл өгсөн. Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагын ажилчид хөл хорио тавигдтал 2-3 гурван удаагийн PCR шинжилгээ өгөх шаардлагатай тулгарч байгаа юм.
Гэтэл энэхүү мэдээллийг Хотын дарга үгүйсгэлээ. Тодруулбал, тэрбээр “Хоёрдугаар сарын 8-наас хойш хийсэн PCR шинжилгээ хүчин төгөлдөр байна. PCR 72 цагийн хугацаанд хүчинтэй гэсэн зүйл байхгүй. Би тэгж хэлээгүй. Хэн ярьсныг тодруул” хэмээн их л зандрангуу гэгч нь албаны удирдлагуудад камерны араас үүрэгдлээ.
Энэ мэт дээд, доод албан тушаалтнуудын дур мэдэж шийдэж, мэдээллийн нэгдсэн ойлголтгүй, иргэдийг төөрөгдөлд оруулж буйг дээрх мэдээллүүдээс харсан биз ээ. Ингэж дарга, цэрэг нар нь тус бүр толгой мэдэж дур зоргоороо аашлах нь иргэдэд ихээхэн хүндрэл учруулж буй. Товчхондоо, Цар тахал гарсан энэ үед Засгийн газар, Улсын онцгой комисс, Нийслэлийн онцгой комисс ард иргэдэд хүндрэл чирэгдэл үүсгэхгүй нэгдсэн бодлого, удирдлагатай байх нь юу юунаас илүү чухал байна.