Сүхбаатарын талбайн төв хэсэгт “шагналын хур бууж”, цугласан олон баярлаж догдолж байх тэр агшинд төв талбайн нөгөө талд нэгэн иргэн зулын гол болж, амиа егүүтгэв. Эгэл жилийн ардын хүү төрдөө гомдсон сэтгэлээ өөрийнхөө амиар ийн илэрхийлэв. Аргагүй биз. Хөл хорио гэх “дөнгө”-нөөс болж олон мянган аж ахуй нэгж хаалгаа барьж, түүнийг дагаад сая гаруй хүн цалин орлогоо алдаж, бизнес нь зогсож, ажлын байргүй болсон.
Хөл хориотой зэрэгцээд эрхэм Ерөнхийлөгчийн “шоу” ч барагдахгүй юм. Уг нь Засгийн газраас “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг” гэх журам хэрэгжүүлж буй. Эл журамд “Соёлын болон олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглоно” гэж цагаан дээр хараар бичсэнийг эрх биш зөвлөхүүд нь эрхэм Ерөнхийлөгчид хэлсэн байлтай. Нийслэлд коронавирусийн идэвхтэй 10 гаруй голомт бүртгэгдсэн. Мөн сүүлийн өдрүүдэд нийслэлд 50-60 гаруй хүнээс халдвар илэрсэн. Цар тахлын нөхцөл байдал ийм байхад Ерөнхийлөгч Х.Баттулга ямар учраас эрсдэлийг үл хайхарч, шагнал гардуулах ёслол гэх “эсэргүү” арга хэмжээ зохион байгуулав. Уг арга хэмжээнд цугласан олон зуун хүн амны хаалтгүй, бие биенийгээ үнсэж, тэврэлдэж буй агшныг уншигч та бүхэн харсан биз.
Хөл хорио гэж ард иргэдийг цагдчихаад төр засгийн тэргүүнүүд өөрсдөө одон медаль тарааж, олон зуун хүн цуглуулж “шоу” хийж байгаа нь шударга үйлдэл үү. Тийм юм бол энэ хөл хорио нэртэй жүжгээ зогсоовол таарна. Хэрэв Засгийн газар урьдын адил хоёрын хооронд шийдвэр гаргаж, үр дүнд нь эдийн засаг хумигдаж, аж ахуй нэгжүүд хаалгаа барьж, ажилгүйдэл газар авбал цаашид хэчнээн монгол аавын хүү дээрх жишгээр зулын гол болохыг таашгүй.
Мэргэжлийн байгууллагууд нийслэлд хөл хориог удаан хугацаанд үргэлжлүүлбэл дөрөвдүгээр сарын 1-н гэхэд 500 мянган ажлын байр эрсдэлд орох тооцоог гаргажээ. Бизнес эрхлэгчид 2020 оны арваннэгдүгээр сарын 12-оос арванхоёрдугаар сарын 1 хүртэл 152,900 ажлын байрыг цомхтгосон. Орлогогүй болсон аж ахуйн нэгжүүд цалингаа тавьж чадахгүйн улмаас ийнхүү ажлын байраа цомхтгохоос өөр аргагүйд хүрсэн гэдгийг МҮХАҮТ мэдээлсэн билээ. Ирэх 11-нээс 23-ны хооронд тогтоох хөл хорио ч мөн эдийн засагт маш том дарамт болох нь дамжиггүй. Хөл хорио нэртэй “жүжиг”-ээ төгсгөх болоогүй юу?