Төв талбайд иргэд үзэл бодлоо илэрхийлэн жагсаж байна. Тус жагсаалд "Ковид-19"-ийн халдвар авсан нь батлагдсан хүнтэй ойрын хавьталд орсон иргэн оролцсоныг эмч нар хийгээд цагдаагийнхан нотолж буй. Тиймээс хууль хяналтын байгууллагынхан шуурхай арга хэмжээ авч, төв талбайд ирсэн иргэдийг тараах ажиллагаа зохион байгууллаа. Улмаар иргэдийг хөөж туун, түлхэж унаган биед нь халдав. Хамгийн гол нь гадаа хасах градустай байгааг мэдэхийн дээдээр мэдэж буй төрийн албан хаагчид халдвар авсан байж болзошгүй гэх иргэдийн халууныг үзээд тараалаа. Төв талбай үнэхээр халдвар тараах эрсдэлтэй орчин мөн бол тэнд цугласан иргэдийг бүгдийг нь тусгаарлаж, пи си ар шинжилгээнд хамруулах ёстой хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Эс бөгөөд үзэл бодлоо илэрхийлж буй иргэдийг хүчээр тараах нь буруу гэдгийг тэд бас онцолж байна.