Өмнөд хөршийн зүүн нутгийн Жэзян мужийн Хөгжил, шинэчлэлийн хороо усан доогуур дэлхийн хамгийн уртад тооцогдох төмөр замын хонгил барих төслийг баталлаа гэж Шанхайн “Paper” цахим хуудас мэдээлжээ. Нинбо хотоос зүүн тийш орших Жиньтан арал хүртэл, усан доогуур барих хонгилын урт 16.2 км байх гэнэ. Энэ нь Нинбогоос Жоушань бүлэг арал хүртэл төмөр зам тавих төслийн нэг хэсэг юм. 76.4 км урт шинэ зам Нинбо хотын зүүн станцаас эхэлж, Жоушань хотын Байцюань тосгонд дуусна. Үүгээр галт тэрэг цагт 250 км хурдлах гэнэ. Хонгилын барилгын ажлыг зургаан жилийн дотор дуусгахаар төлөвлөжээ. Төсөлд 26.9 тэрбум юанийн (дөрвөн тэрбум орчим ам.доллар) хөрөнгө оруулах нь.
Жэзян мужийн Жоушань бүлэг арал нь зочид буудлын дэд бүтэц, бохирдоогүй наран шарлагын газраараа жуулчдын дунд алдартай. Одоо уг арлын гүүрээр машинаар, эсвэл онгоцоор зорчих боломжтой. Эл төслийг хэрэгжүүлснээр Жоушань арлууд руу зорчих хугацааг багасгах, мөн төмөр замын тээвэр хийх боломж нээгдэх юм. Нинбо хотоос Жоушань хүртэл машинаар нэг цаг хагас, галт тэргээр 30 минут зарцуулдаг аж.