Үндэсний аюулгүй байдлын тухай шинэ хуулийг хэрэгжүүлэхэд туслах мэдээлэл цуглуулах тусгай шугамыг Хонконгийн цагдаагийнхан ирэх сард нээнэ гэж “South China morning post” сонинд бичжээ. “Үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн үйл ажиллагаа, тэрчлэн сэжигтнүүд, эсвэл тэдний байршлын тухай мэдээлэлтэй олон нийтийн төлөөлөл эл шугамд холбогдоно” гэж тус бүс нутгийн Засгийн газар дахь эх сурвалж уламжлав. Хаа сайгүй “нүд, чихтэй” болох учир гэмт этгээдүүдийг илрүүлэх боломжийг эл арга хэмжээ нээх гэнэ. Засгийн газраа эсэргүүцсэн хөдөлгөөнд оролцогчдын талаар мэдээлэл цуглуулах ийм шугамыг өнгөрсөн оны есдүгээр сард Хонконгийн цагдаагийнхан ажиллуулж байжээ.