АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч Жозеф Байден болон түүний хүү Хантертай холбоотой нууц бичиг баримт хулгайлагдсан тухай Fox News суваг Лхагва гарагт /2020.10.29/ мэдээлэв. "Бид Даваа гарагт Байдены гэр бүлийн тухай нууц баримтуудын эх сурвалжаас авсан юм. Эдгээр баримт бичиг жинхэнэ гэдэгт бид итгэлтэй байна" гэж телевизийн хөтлөгч Такер Карлсон шууд нэвтрүүлгээр мэдээлжээ. Карлсон болон түүний туслахууд энэ долоо хоногийн эхээр Лос Анжелес хотод ярилцлага өгөхөөр ирсэн байсан тул дээрх материалыг шуудангаар явуулахыг Нью Йорк дахь “Fox News”-ийн ажилтнуудаас хүсжээ. Чухал баримт бичиг байсныг харгалзан найдвартай сайн гэсэн шуудангийн компанийг сонгосон байна. "Гэсэн хэдий ч бичиг баримт бүхий илгээмж Лос Анжелес хотод хүрээгүй. Мягмар гарагийн өглөө хүргэлтийн компани бидэнд илгээмжийг нээж, бичиг баримтууд алга болсныг мэдэгдсэн" гэж Карлсон ярьжээ. Түүний хэлснээр шуудангийн компани эл явдалд туйлын хянуур хандаж, бичиг баримтыг хүргэх замыг үе шат бүрээр нь мөрдөн, илгээмжид хүрсэн бүх ажилтнуудтай ярилцсан аж. Гэсэн ч "Ямар ч үр дүнд хүрсэнгүй" гэж хөтлөгч хэлжээ. 10-р сарын дундуур Нью Йорк Пост сонинд Хантер Байдены зөөврийн компьютероос авсан захидлуудыг нийтэлсэн юм. Тэрхүү захидлаас үзвэл Украины эрчим хүчний “Burisma Holdings” компанийн ТУЗ-ийн бүрэлдэхүүнд багтаж байсан Хантер Байден тус компанийн төлөөлөгчийг өөрийн эцэг Жо Байдентай уулзуулсан байх магадлалтай аж. Тухайн үед АНУ-ын Дэд Ерөнхийлөгч байсан Жо Байден “Burisma Holdings” компанийг шалгаж байсан Украины Ерөнхий прокурор Виктор Шокиныг огцруулахыг уриалж байжээ. Мөн дээрх захидлууд АНУ-ынм Дэд Ерөнхийлөгч асан Байдены гэр бүл болон Хятадын компаниудын хооронд санхүүгийн холбоо байгаагаа гэдгийг харуулсан байжээ.