Өнгөрсөн долоо хоногт болсон Португалын гран прид түрүүлснээр британи нисгэгч Л.Хэмилтон “Формула-1”-т байгуулсан нийт ялалтын тоогоор дээд амжилт (92) тогтоож, домогт М.Шумахерийг хоёрдугаар байрт орууллаа. Герман нисгэгчийн дэлхийн аваргын долоон цом нь Л.Хэмилтоны хүрээгүй цорын ганц том амжилт хэвээр үлдэж байгаа ч тэрбээр эл амжилттай нь энэ жил тэнцээд, ирэх жил түүнийг нь бараг шинэчлэх биз ээ. Тэгэхээр их хурдын түүхэн дэх хамгийн шилдэг нь хэн бэ, Л.Хэмилтон уу, М.Шумахер уу гэсэн маргаан дор хаяж нэг жил үргэлжлэх нь тодорхой болж байна. Британи нисгэгчийг дэмжигчид түүнийг хэдий цөөн гараанд оролцсон ч нийт ялалт, поул-позишнд түрүүлсэн тоогоор герман нисгэгчээс илүү гэж мэтгэдэг. Түүнчлэн хамтрагч талаасаа авч үзвэл Л.Хэмилтон ч илүү гардаг. Түүнтэй хамт нэг багт Ф.Алонсо, Ж.Баттон нар уралдаж байсан бол М.Шумахерийн хамгийн сайн хамтрагч нь Н.Росберг, Ф.Масса, Р.Баррикелло нар байлаа.
Үүнтэй санал үл нийлэх хүмүүс ч бий бөгөөд тэд “улаан барон”-ыг (М.Шумахерийг ингэж өргөмжилдөг) “Феррари” багаа тэргүүлэх, давамгай байр сууринд авчирсан түүхэн гавьяатай гэж үздэг. Гэхдээ Италийн багийг ийн алдаршихад Р.Браун, Р.Бөрн, Ж.Тодт нарын гавьяа ч багагүй бий. М.Шумахер үнэхээр энэ багийн лидер, луужин байсан нь үнэн ч Л.Хэмилтон одоогоор “Мерседес” багтаа яг ийм үүргийг гарамгай гүйцэтгэж байгаа.
Ингээд хоёр талын маргаанд сүүлчийн нэг санал зөрөлдөөн үлдэж буй. Үүнийг нь итали шинжээч Л.Туррини “Шумахерийн амжилт бол сэтгэл хөдлөл, харин Хэмилтоных бол хүйтэн, амьгүй тоонууд” гэж тодорхойлсон. Гэхдээ энэ бол хоёр нисгэгчийн хувь хүний шинж чанартай илүү холбоотой маргаан юм. Яг л “түүхэн дэх шилдэг нь хэн бэ” гэдэгтэй адилхан асуулт. Тэгээд ч “Формула-1”-ийн 70 жилийн түүхэнд цорын ганц шилдэг нисгэгчийг тодруулах нь амаргүй, эргэлзээтэй асуудал юм. М.Шумахер, Л.Хэмилтон хоёр бол зүйрлэхийн аргагүй өндөр амжилтад хүрсэн, цаг үеэ тодорхойлсон нисгэгч. Тэд хоёул энэ спортыг шинэ түвшинд аваачсан бөгөөд Михаэль 2000-аад онд бусад нисгэгчийн хувьд үлгэр дуурайл нь байсан бол Льюис өдгөө өөрийгөө үргэлж сайжруулах чанар, төгс жолоодлогын үлгэр жишээ болж байна. Тэдний уралдаж байсан цаг үе нь ч өөр. Үе ээлжлэн солигдсоор, ДАШТ ч үүнтэй хамт хувьсан өөрчлөгдсөөр ирлээ. Тиймээс тус тэмцээний түүхэнд цорын ганц шилдэг нисгэгчийг тодруулах нь учир дутагдалтай билээ.
“Формула-1” ДАШТ-ий явц
Тамирчин Оноо
1. Льюис Хэмилтон 256
2. Валттери Боттас 179
3. Макс Ферстаппен 162
4. Даниэль Риккардо 80
5. Шарль Леклер 75
6. Серхио Перес 74
7. Ландо Норрис 65
8. Александер Албон 64
9. Пьер Гасли 63
10. Карлос Сайнс 59
Зохион бүтээгчдийн цом
Баг Оноо
1. Mercedes AMG F1 435
2. Red Bull 226
3. Racing Point 141
4. McLaren 124
5. Renault Sport F1 120
6. Scuderia Ferrari 93
7. Scuderia Alpha Tauri 77
8. Alfa Romeo 5
9. Haas 3
10. Williams 0
Бэлтгэсэн: Н.Энх