Нидерландын хөлбөмбөгийн лиг есдүгээр сарын дундаас шинэ улирлаа эхлүүлж, багууд эхний тоглолтдоо оролцох болсон. Цар тахлын хөл хорионоос шалтгаалж цэнгэлдэх хүрээлэн хоосон, үзэгчид гэрээсээ тоглолт үзсээр буй.
Харин “Херенвен” багийн цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн суудал өнгөрсөн долоо хоногт пиг дүүрэн байлаа. Учир нь тус багийн сүүлийн тоглолтыг 15 мянган “хөвсгөр” хөгжөөн дэмжигч үзэж сониржээ. Тэдгээр нь “Херенвен” багийн өмсгөлтэй Тедди чихмэл бамбарууш юм.
“Херенвен” баг, хүүхдийн хорт хавдартай тэмцэх сан (товч нэр нь KiKa) болон эмийн MSD компанийн хамтран хэрэгжүүлсэн сайн санааны эл арга хэмжээний үр дүнд бамбаруушнууд цэнгэлдэхэд “тухалсан” аж. Тус арга хэмжээ нь хорт хавдраар өвчилсөн хүүхдүүдэд туслах, тэдэнд анхаарал хандуулахыг уриалах зорилготой байжээ.
KiKa сан нь хорт хавдартай хүүхдүүдэд зориулж хандив цуглуулах арга хэмжээнүүдийг цар тахлын хөл хорионы улмаас явуулах боломжгүй болсон бөгөөд тэдэнд цэнгэлдэх хүрээлэнгээ ашиглаж, хандив цуглуулахыг “Херенвен” баг болон MSD компани санал болгосон аж. Улмаар цэнгэлдэх хүрээлэнд чихмэл тоглоом суулгах санаачилгыг дэмжсэн хүмүүс 14.95 еврогоор тус сангийн албан ёсны сайтаас бамбарууш худалдан авчээ. Аз болоход бүх тоглоом зарагдаж, нийт 224 мянган евро цугларсныг KiKa санд хандивласан аж.
Ийм хөөрхөн “хөгжөөн дэмжигчид”-тэй болсон “Херенвен” багийнханд хожигдох эрх байсангүй. Тэд ч үүргээ амжилттай биелүүлж, “Эммен” багийг 4:0-ийн харьцаатай хожин, хүснэгтийн гуравдугаар байрт орж иржээ.
Бэлтгэсэн: Н.Энхбаяр