Иранд коронавирусын улмаас дөрвөн минут тутамд нэг хүн нас барж байгааг тус улсын Эрүүл мэндийн яам хүлээн зөвшөөрсөн тухай Rueters агентлаг мэдээлэв. Үүний зэрэгцээ Ираны эмнэлгүүдийн өвчтөнүүдээ эмчлэх хүчин чадал барагдаад байгаа аж. Иргэд амны хаалт зүүх, хоорондын зай барих зэрэг анхан шатны урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөхгүй байгаа талаар ч эрх баригчид ярьжээ. Ираны Эрүүл мэндийн дэд сайд Ираж Харирчи хэлэхдээ нөхцөл байдлыг үндсээр нь өөрчлөхгүй бол ойрын хэдэн долоо хоногт коронавирусийн хүндрэлээс болж нас барах хүний тоо нэг өдөрт 600 ба түүнээс дээш болж магадгүй байна гэжээ. Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр Иранд коронавирусийн халдварын 568,896 тохиолдол албан ёсоор бүртгэгдэж, 32,616 хүн нас баржээ. Ираны засгийн газрын мэдэгдсэнээр энэ тоо бараг хоёр дахин нэмэгдэж магадгүй аж. Учир нь албан ёсны мэдээлэл нь зөвхөн эмнэлгүүдэд нас барсан хүний тоон дээр үндэслэжээ.