Нобелийн 2020 оны физиологи, анагаах ухааны салбарын шагналыг АНУ-ын эрдэмтэн Харви Алтер, Чарльз Райс, Британийн вирус судлаач Майкл Хаутон нар хуваан авах болсон. Элэгний С вирусийг нээсний төлөө тэдэнд уг шагналыг өгөхөөр шийдвэрлэснийг Нобелийн хорооны мэдэгдэлд онцолжээ. Гэхдээ тэдний нэг нь л эл вирусийг таньж, тодорхойлсон аж.
Х.Алтер, Ч.Райс, М.Хаутон нар хамт ажиллаж байгаагүй ч шийдвэрлэх нээлтийн үндэс болсон эрдэм шинжилгээний долоон нийтлэлийн нэгийг л тэдний хоёр нь бичжээ. Гэхдээ нийтлэлд хоёр эрдэмтний нэгийнх нь нэрийг огт дурдаагүй аж.
ГЕПАТИТ
Олон өвчнийг нэгтгэсэн нэршил шигээ гепатит гэдэг нь аюултайг илэрхийлэх үг. Гепатитын янз бүрийн төрлийг нэг өвчний олон хэлбэр гэсэн ташаа ойлголт энэ үгнээс тусгай боловсролгүй хүнд төрж болзошгүй. Үнэн хэрэгтээ ерөнхий эл нэрэнд элэгний янз бүрийн гаралтай, үрэвсэлт 15 өвчин багтдаг аж. Цацраг идэвхт бодисын хэмжээ ихдэх, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэхээс эхлээд бактерийн халдвар, дархлааны хүчтэй хариу хүртэлх янз бүрийн шалтгааны улмаас элэгний хэвийн ажиллагаа алдагддаг. Ихэвчлэн вирусийн гаралтай гепатитыг ялахын тулд халдвар үүсгэгчийг юуны түрүүнд тогтоох хэрэгтэй гэнэ. Өөрөөр хэлбэл, аль бүлэгт хамаарах, хэрхэн халдварладаг гэх зэргээр чухам ямар вирус болохыг ойлгох шаардлагатай.
Өнөөгийн байдлаар элгийг гэмтээдэг 10 орчим вирус байдгаас хамгийн аюултай нь шар чичрэгтэй ойр төрөл болох гепатит С. Тиймээс үүнийг “энхрий алуурчин” гэж нэрлэх нь бий. Эл вирус хүний биед бараг анзаарагдахгүй олон жил байсаар элэгний хатуурал, хорт хавдар болж илэрдэг.
А, В-ГИЙН АЛЬ НЬ Ч БИШ
Өнгөрсөн зууны 40-өөд онд эрдэмтэд элэгний ажиллагааг алдуулдаг хоёр төрлийн вирус байдгийг тогтоожээ. Тэдгээрийн нэг болох гепатит А нь хүнс, усаар дамжин халдварладаг бөгөөд өвчтөн түргэн эдгэрдэг. Заримдаа Боткины өвчин буюу шар өвчин үүсгэдэг. Гепатит В нь цус, эсвэл биологийн бусад шингэнээр дамждаг. Эл өвчин архаг хэлбэрт шилжих нь цөөнгүй тохиолдоно. Эл вирусийг нээсэн Америкийн эрдэмтэн Барух Бламберг 1967 онд Нобелийн шагналтан болжээ. Харин “энхрий алуурчин” судлаачдаас нэлээд удаан нуугджээ.
Үүний мөрөөр хамгийн түрүүнд Харви Алтер орж, доноруудын цусанд хэдийн танигдсан хоёр нь байхгүй ч өөр нэг вирус цус сэлбэхэд халдварлаж буйг тогтоосон байна. Тэрбээр халдвартай цусыг шимпанзед хийхэд нөгөө үл мэдэх өвчин эл амьтнаас илэрчээ. Үүнийг ямар нэг үл мэдэх, гуравдагч үүсгэгчтэй холбоотой гэсэн дүгнэлтийг эрдэмтэн хийгээд, “А ч, В ч биш” гэж нэрлэсэн аж.
ҮЛ МЭДЭХ УУРГУУДЫН НЭГ
Эрдэмтэд үл мэдэх өвчний үүсгэгчийг идэвхтэй хайсан ч чармайлт нь үр дүнгүй байв. 10 гаруй жилийн дараа л Майкл Хаутон халдвар авсан шимпанзегийн цуснаас олдсон нуклеин хүчлээс ДНХ-ийн бичил хэсгүүдийн цуглуулгыг “угсарч” чаджээ. Тэдгээрийн олонх нь сармагчны өөрийнх нь ген байсан ч эрдэмтэд үл мэдэх вирусийнх байж магадгүй, сэжиг бүхий хэд хэдэн бичил хэсгийг ялгасан байна.
Биологичид судалгаагаа цааш үргэлжлүүлэв. Гепатитын халдвар авсан хүний бие махбод үл мэдэх вирустэй тэмцэж, эсрэг бие үүсгэх ёстой. Эрдэмтдийн нарийн ажлыг харанхуй өрөөнөөс хар муур хайхтай зүйрлэхээр байв. Халдвар авсан өвчтөнүүдийн шинжилгээнээс хэдэн зуугаар зогсохгүй, мянгаар тоологдох уургийг мөн адил өвдсөн сармагчнуудын цуснаас ялгаж авсан ДНХ-ийн хэсэг болгонтой харьцуулах хэрэгтэй болжээ. Тийнхүү халдвартай цуснаас иммуноглобулин олдсон нь хэлбэрийн хувьд шар чичрэгтэй төрөл болох вирусийн үл мэдэх уургуудын нэгтэй таарсан гэнэ.
ВИРУСИЙН ФРАНКЕНШТЕЙН
Ингээд үүнийг цусаар дамжин хүний элгийг өвчлүүлдэг, тодорхойлох тестгүй, хайж байсан вирус мөн гэдгийг нотлох үлдэв. Эл зорилтыг Вашингтоны их сургуулийн судлаач Чарльз Райс гүйцэтгэжээ. Тэрбээр вирусийн генийг задалсны зарим нь хуулбарлах үйл явцад саад болоод байх шиг санагдсан байна.
Тиймээс тэрбээр лабораторид франкенштейний вирус бий болгожээ. Энэ нь рибонуклеиний хүчлийн эрс хялбаршууулсан гинжин хэлхээ бөгөөд сармагчны биед үржих ёстой байсан хэсгүүдийг агуулсан гэнэ. Шинэ вирусийг шимпанзегийн элгэнд халдварлуулснаар эрдэмтний таамагласан ёсоор эл амьтны цуснаас вирус илэрч, биед нь хүнд хэлбэрийн гепатитын шинж тэмдэг газар авсан байна.
Үл мэдэх өвчний орчныг эцэслэн баталж, удалгүй вирусийн эсрэг бэлдмэлүүдийг боловсруулжээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд гепатит С вирус үхлийн аюултай биш болж, өдгөө халдварын 95 хүртэл тохиолдлыг анагааж байна.
Гепатит С-гийн аюулыг бүрмөсөн устгах өдөр холгүй хэмээн Нобелийн хорооноос мэдэгджээ. Тиймээс хүн төрөлхтөн Харви Алтер, Майкл Хаутон, Чарльз Райс нарт талархах ёстой.
С ВИРУСЭЭС АНГИЖРАХАД ЮУ ХЭРЭГТЭЙ ВЭ
Хүн төрөлхтөн ирэх 10 жилд гепатит С вирусээс ангижрах боломжтой. Ингэхийн тулд улс төрийн хүсэл сонирхол, олон улсын хамтын ажиллагаа шаардлагатай. Ийм итгэл дүүрэн буйгаа АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгүүдийн эрдэмтэн Харви Алтер Нобелийн шагнал гардах эрхмүүдийг зарласан өдөр утсаар хийсэн хурлын үеэр илэрхийлжээ. “Одоо шинжлэх ухаанд ямар нэг асуудал байхгүй. Энэ талаасаа гепатит С вирусийн одоо байгаагаас илүү үр нөлөөтэй эм бидэнд хэрэггүй. Мөн одоо буйгаас илүү тест ч шаардлагагүй. Бидэнд зөвхөн улс төрийн хүсэл сонирхол чухал” хэмээн эрдэмтэн тэмдэглэсэн байна.
“Эл өвчин илэрсэн хүн бүр даатгал, эсвэл хямдруулсан үнээр эмийг хүрэлцээтэй хэмжээгээр авах боломжийг нээх хэрэгтэй. Үүнд олон улсын хүчин чармайлт шаардлагатай” хэмжээн судлаач хэлжээ. Түүний тайлбарласнаар, энэ чиглэлээр янз бүрийн орнууд хамтран ажил
лахгүй бол хөгжиж буй орнуудад вирус байсаар байна. Мансууруулах бодисын хамаарал их байгааг Х.Алтер тайлбарлахдаа “Өдгөө эрсдэлийн хамгийн ноцтой хүчин зүйл нь нэг зүүг дамжуулан хэрэглэж байгаа явдал юм. Тиймээс үүнд бид нөлөөлөх хэрэгтэй” гэжээ. Мансууруулах бодистой тэмцэхэд хүмүүст туслах, тайлбарлан таниулах кампанит ажил явуулах нь чухлыг тэрбээр тэмдэглэсэн байна. Тариурын зүү хүрэлцээгүйн улмаас олон улсын эмч нар давтан ашиглаж байгаад анхаарлаа хандуулахыг Х.Алтер уриалжээ.
“Вирус байнга хувирч өөрчлөгддөг учраас вакцин бүтээхэд их хүндрэлтэй байдаг. Гэхдээ вакцингүйгээр бид хүмүүсийг эмчлэх боломжтой” гэж тэрбээр үзэж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлснээр, 2016 он гэхэд 71 сая хүнээс гепатит С вирусийн архаг хэлбэр илэрчээ. Гепатит гэдэг нь элэгний үрэвсэл гэсэн утга илэрхийлэх бөгөөд үүнээс сэргийлэх боломжтой. Харви Алтер, Чарльз Райс, Майкл Хаутон нарын нээсэн эл вирусээс үүсдэг цирроз буюу элэгний хатуурал, хорт хавдрын улмаас жилд 400 мянган хүн нас барж буй.
Тэдний нээлт илрүүлгийн тест төдийгүй эм бүтээх боломж олгожээ. Өдгөө гепатит С вирусийг гурван сарын дотор бүрэн эмчлэх боломжтой. Хэрэв элэг маш их гэмтсэн бол эрхтэн шилжүүлэн суулгаж байна. Асуудлын гол нь манай гаргийн таван хүн тутмын нэг нь өвдсөн гэдгээ мэддэг. Вирусийн эсрэг эмийг халдвар авсан 71 сая хүний ердөө таван сая нь л ууж байна. Гепатит А, В вирусээс ялгаатай нь С-гийн вакцин гэж байдаггүй. Гэсэн ч үхлийн аюултай шинэ вирусийн тухай ярьж буй өнөө цагт хүний аминд хүрдэг нэгийг нээсний төлөө шагнал олгохгүй байх билээ хэмээн судлаачид онцлон тэмдэглэжээ. Шинжлэх ухаан хагас зуун жилийн өмнө ямар том алхам хийснийг энэ удаагийн шагнал харуулж байна. Хэдэн арван жил шаарддаг байсан судалгааг өдгөө урьд хуримтлуулсан туршлагад үндэслэн хэдхэн өдрийн дотор гүйцэтгэж буй. Үүний тод жишээ нь SARS-CoV-2 юм. Гэхдээ гепатит С вирусийг бүрэн ялаагүй. ДЭМБ-ын тооцоолсноор, 2030 он гэхэд халдвар авсан хүмүүсийн 80 хувь нь шаардлагатай эмчилгээ хийлгэж чадах аж. Тиймээс хүн төрөлхтөн шинэ вирустэй тэмцэх талаар ихээхэн хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болж байна.
Харви Алтер АНУ-ын Нью-Йорк хотод еврей гэр бүлд 1935 оны есдүгээр сарын 12-нд мэндэлжээ. Рочестерийн их сургуульд бакалаврын зэрэг хамгаалж, 1960 онд анагаахын дипломтой болсон. Үүнээс хойш АНУ-ын Эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгүүдэд докторын дараах судалгааны ажил, Вашингтоны их сургуульд резидентур, Жоржтауны их сургуульд цусны өвчин судлалын чиглэлээр мэргэшсэн байна.
Майкл Хаутон Британид 1949 онд мэндэлсэн. Тэрбээр 17 настайдаа Францын химич, микробиологич Луи Пастерын амьдралын тухай ном уншсаныхаа дараа түүн шиг мэргэжилтэн болохоор шийджээ. 1972 онд Зүүн Английн их сургуулийг биологийн шинжлэх ухааны мэргэжлээр дүүргэж, 1977 онд Лондоны Хатан хааны коллежид биохими философийн докторын зэрэг хамгаалсан байна.
Чарльз Райс 1952 оны наймдугаар сарын 25-нд АНУ-ын Калифорни муж улсын Сакраменто хотод мэндэлжээ. Тэрбээр 1974 онд Калифорнийн их сургуулийг зоологийн бакалавын зэрэгтэй төгссөн. 1981 онд Калифорнийн технологийн дээд сургуульд биохимийн докторын зэрэг хамгаалахдаа Жеймс Штраусын лабораторид PHK (Рибонуклейн хүчил) вирус (генийн материал, ийм вирусүүдийн нэг нь “Ковид-19”) судалжээ. Тус сургуульд дөрвөн докторын дараах судалгааны ажлаа хийсэн байна.