Баянгол дүүргийн ИТХ-д төлөөлөгчөөр сонгогдсон хүмүүст өчигдөр үнэмлэхийг нь олголоо. Энэ үеэр тус дүүргийн 23 дугаар хорооны иргэдийн төлөөлөл эсэргүүцэл илэрхийлж, төлөөлөгч Э.Магнайбаяр луу гурил цацаж, өндөг шидлээ. Учир нь тэр бол эл дүүрэгт МАХН-аас сонгогдсон ганц төлөөлөгч. Баянгол төдийгүй нийслэлийн есөн дүүргийн ИТХ-ын сонгуульд МАХН-аас нэр дэвшиж, цор ганцаараа ялалт байгуулсан хүн нь Э.Магнайбаяр. Харин тэрбээр уржигдар МАН-д элссэн нь түүний сонгогдсон тойргийн иргэдээр зогсохгүй олон нийтийн дургүйг хүргэв бололтой. Тэрбээр хэдхэн хоногийн өмнө сонгуулийн кампанит ажлын үеэр “Нийслэлчүүд ээ, ардчиллын амин сүнс болсон баянголчууд аа. Бид бүхэн нэгэн шинэ хуудсыг хамтдаа нээх гэж байна. 2020 оны орон нутгийн сонгуульд МАХН, АН, ШИНЭН хамтран оролцож байгаагаараа онцлогтой. МАН-ынхан хулгай, луйвар, дээрмээ үргэлжлүүлэх гэж маш их хичээж байгаа. Гэхдээ бид аравдугаар сарын 15-нд МАН-ын луйвар, булхай, дээрмийг таслан зогсоож чадна гэдэгт эргэлзэхгүй байна” хэмээн хэлж байжээ. Харин Э.Магнайбаяр МАН-ын гишүүн болсныхоо дараа “Орон нутгийн сонгуульд Баянгол дүүрэгт МАН 20, АН 19, МАХН нэг, ХҮН хоёр суудал авсан. Баянголчууд маань МАН-ыг дэмжсэн гэж үзсэн учраас тус намд элссэн. УИХ, нийслэлд МАН олонх болсон. Иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тулгамдсан асуудлыг нь шийдвэрлэхийн тулд МАН-д хүч нэгтгэж, намын гишүүнээр элсэж байна. Баянгол дүүрэгт АН олонх болсон бол ажил урагшилна гэж бодсон ч МАН олонх болсон. Тулгамдсан олон асуудлыг шийдэх гарц, хүч нь МАН-д байгаа учраас энэ шийдвэрийг гаргасан. Цаг хугацаа бүхнийг шүүнэ” хэмээн байр сууриа илэрхийлсэн юм.
Баянгол дүүргийн ИТХ 41 мандаттай. Сая болсон сонгуулийн үр дүнд МАН 20, АН 18, ХҮН хоёр, МАХН нэг суудал аваад байсан юм. Ингэснээр МАН 21 төлөөлөгчтэй болж, 50-иас дээш хувиар олонхыг бүрдүүлэв.
МАХН-аас УИХ-д сонгогдсон С.Ганбаатар уг үйл явдлын тухайд “Би Монголын нийгэм, улс төрд 16 жил идэвхтэй оролцож ирсэн. Э.Магнайбаярын шийдвэрт дэндүү харамсаж байна. Ёс зүйн хувьд байж боломгүй шийдвэр гаргалаа. Улс төрд орж байгаа аль ч намын залуучууд үзэл бодолдоо туйлбартай байж, мөрөөдлийнхөө төлөө ажиллах ёстой” хэмээж байлаа.
Бэлтгэсэн: Б.Уран