Бахрейн болон Израил албан ёсоор дипломат харилцаа тогтоолоо. Израилын өндөр албан тушаалын төлөөлөгчид Бахрейнд айлчлах үеэрээ баримт бичигт гарын үсэг зурсан тухай тус хаант улсын Гадаад хэргийн сайд Абдель Латиф бин Рашед аль-Заяни мэдээлжээ.
“Израилтай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээрт бид гарын үсэг зурлаа. Манай хоёр улс энх тайвнаар зэрэгцэн орших, яриа хэлэлцээний арга замыг тууштай баримталж байгаа бөгөөд Ойрхи Дорнодод намжмал байдал шударгаар, бүрэн дүүрэн тогтоох учиртай. Израил, Палестин хоёр зэрэгцэн орших тухай шийдвэрийг олон улсын тогтоол, 2002 оны Арабын энхийн санаачилгын дагуу гаргах ёстой” гэж тэрбээр хэлсэн байна. Бахрейны нийслэл Манамад санхүү, эдийн засаг, хөдөө аж ахуй зэрэг олон салбарт хамтран ажиллах тухай долоон санамж бичигт гарын үсэг зуржээ. Израилын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дарга Меир Бен Шаббат болон АНУ-ын Сангийн сайд Стивен Мнучин тэргүүтэй Америкийн төлөөлөгчид Ойрхи Дорнодын тус хоёр орны харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хэвийн болгох зорилгоор түүхэнд анх удаа өнгөрсөн ням гарагт Израил улсаас Бахрейн руу нисэх онгоцоор хамтдаа зорчсон байна. Израилын тал Арабын Нэгдсэн Эмирт Улс болон Бахрейнтай харилцаагаа хэвийн болгох тухай баримт бичигт есдүгээр сарын 15-нд Вашингтон хотноо гарын үсэг зурсан билээ. Тэр үед Израилын Ерөнхий сайд Биньямин Нетаньяху Арабын тус хоёр улстай эвлэрснийг Араб, Израилын мөргөлдөөнийг эцэс болгоход тус дөхөм үзүүлэх түүхэн эргэлтийн цаг мөч хэмээн мэдэгдсэн юм.
АНУ-ын идэвхтэй дэмжлэгийн ачаар тус бүс нутагт энх тайван байдал тогтох боломж нээгджээ. Тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп хэлэлцээрт гарын үсэг зурахын өмнө уг баримт бичиг Ойрхи Дорнодод бүх талыг хамарсан энх тайван байдал тогтоох үндэс суурь болно хэмээн найдаж буйгаа илэрхийлсэн. Харин гурван талын хэлэлцээрийг Палестин эрс эсэргүүцэж, Абу-Даби болон Манамагаас Элчин сайд нараа татсан билээ.