Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өчигдөр УИХ дахь олонхын бүлэг хэлэлцсэн байна. Уг төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийн ахлагч Ж.Сүхбаатар “Чуулганы нэгдсэн хуралдаанаар төслийн анхны хэлэлцүүлгийг хийхэд бэлэн болсон. Гэхдээ сая болж өнгөрсөн орон нутгийн сонгуулийн үйл явцтай холбоотойгоор зарим шүүмжлэлтэй асуудлыг тодруулах шаардлага бий. Иймд батлахаа түр азнаад байнгын хороодын түвшинд зарим зүйлийг тодотгох шаардлагатай болов уу. Тухайлбал, улстөржилт их байгаа учраас 2024 оны сонгуульд улс төрийн намуудын оролцоог ямар хэмжээнд хязгаарлах вэ гэдгийг ярилцах ёстой. Гэтэл Улс төрийн намын тухай хуулиа хэлэлцээгүй байж Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар энэ асуудлыг шийдэх нь хэр зохистой юм бол. Мөн төлөөлөгчийг эгүүлэн татахаар тусгасан. Түүнчлэн нийслэлийн санхүү, төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зохицуулалтыг илүү тодорхой болгохыг Улаанбаатараас сонгогдсон гишүүд хэлж байгаа. Гэхдээ эдгээрээс болж төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах бодолгүй байна” гэсэн мэдээлэл өгөв.
Мөн МАН-ын мөрийн хөтөлбөрт туссан “150 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хүрээнд зорилтот бүлэгт чиглэсэн арга хэмжээний талаар ярилцсан байна. Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар үүнийг танилцуулжээ. Бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг мэдээлдэг ээлжит хэвлэлийн бага хуралд тэрбээр оролцож, сэтгүүлчдийн асуултад хариулсан. Сайд Б.Мөнхбаатар “150 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг зургаан хэлбэрээр хэрэгжүүлнэ. Эдгээрээс төрийн оролцоо бүхий төсөл нь “Түрээсийн орон сууц” юм. Иргэдээ түрээсийн орон сууцаар хангахад төр зайлшгүй анхаарах хэрэгтэй. Үүнийг төр өөрийн газар дээр инженерийн дэд бүтэц бий болгосны дараа хийж таарна. Түрээсийн санд 3500 орчим айлын орон сууц байна. Эдгээрээс 1500 гаруй нь Улаанбаатарт бий. Үүнийг хөдөө, орон нутагт хэрхэн хийх талаараа сая танилцууллаа. Аймгуудын 60 орчим хувь нь л инженерийн шугам, сүлжээтэй. Мөн аймгийн төвүүдэд 40, 80, 120 айлын орон сууцыг хэрхэн барьж болох вэ гэдгийг онцолсон. Тухайлбал, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн тодорхой хувийг үүнд зориулж болох, эсэх талаар ярилцаж байгаа. Түрээсийн орон сууцын нэлээд нь нийслэлд бий учраас орон нутагт түлхүү барьж, төвлөрлийг сааруулах ёстой гэж үзсэн” хэмээв.
-Зургаан хувийн хүүтэй зээлийг олгохдоо урьдчилгаа төлбөрийн хувь, хэмжээг эргэж харах уу?
-Найман хувийн хүүтэй зээлд хамрагдаж чадахгүй байгаа хүмүүст гурван асуудал тулгардаг нь судалгаанаас харагдаж буй. Тэдгээрийн нэг нь урьдчилгаа төлбөрийн хувь өндөр байна гэдэг. Найман хувийн зээл олгоход шаардаж байсан бүх материал, шалгуурыг урьдын адил тавина. Хүүг бууруулж зургаа болгосноор тухайн өрхөөс шаарддаг орлого буурах юм. Өөрөөр хэлбэл, найман хувийн хүүтэй байхад гэр бүлийн орлого 1.5 сая төгрөгөөс доошгүй байх шаардлага тавигдаж байсан бол одоо нэг сая хүртэл буурсан. УИХ дахь бүлгийн гишүүдийн зүгээс урьдчилгаа төлбөрийг бууруулах боломжийг судлах чиглэл өгсөн. Үүнийг анхааралдаа авч ажиллана.
-Зургаан хувийн хүүтэй зээлээр худалдан авч болох, хямд үнэтэй орон сууц барихгүй бол та бүхний энэ ажил урагшлахгүй юм биш үү. Орон сууцын үнэ буурахгүй байна шүү дээ. Яг одоо гараад ийм хүүтэй зээлээр орон сууц авъя гэхэд алга.
-Байхгүйг нь та яаж мэдэж байгаа юм бэ. Улаанбаатарт бүх төрлийн орон сууц барьж байгаа. Байршил болон бусад хүчин зүйлээс шалтгаалан үнэ нь өөр өөр байгааг үгүйсгэхгүй. Ипотекийн зээлээр худалдан авах боломжтой орон сууцын 80 хувь нь нийслэлд бий. Энэ төрлийн зээлд хамрагдах боломжтой байр 50-60 сая төгрөгийн үнэтэй байна. Хүүг буулгаснаар барилгын салбарын эргэлтийг бүхэлд нь дэмжиж байгаа юм.
-2021 оны төсөвт ипотекийн зээлийн санхүүжилтийг тусгаагүй байна. Дан ганц Монголбанкнаас олгох санхүүжилт хангалттай юм уу?
-Мөнгө байхгүй учраас төсөвт тусгаж чадаагүй. Ипотекийн зээлийн санд 300 тэрбум төгрөгийн л эх үүсвэр бий. Энэ хэмжээгээр л олгоно гэсэн үг.
-ОУВС хөтөлбөр хэрэгжүүлэхдээ Монголбанк ипотекийн зээлийг санхүүжүүлэхэд оролцох ёсгүй гэдэг байр суурь илэрхийлж ирсэн шүү дээ.
-Ингэж ярьж байгаа нь үнэн.
-Цаашид Засгийн газар, Монголбанк хоёрын аль нь үүнд илүү оролцоотой явах ёстой талаар та салбарын сайдын хувьд байр сууриа илэрхийлэхгүй юү?
-Засгийн газар, яам, агентлаг, Монголбанк нийлээд Монголын төрийг төлөөлж байгаа. Аль болох зохистой хэлбэрээр иргэдээ орон сууцжуулах нь төрийн бодлого.
-Банкууд хүүгийн төлбөрөө түрүүлж авдаг, зээлийн үндсэн төлбөрөөс дорвитой хасагддаггүйг олон нийт шүүмжилдэг. Үүнийг иргэдэд ээлтэйгээр зохицуулах боломж байхгүй юм уу?
-Энэ талаар банкныхантай ярилцсан. Хүүгийн төлөлтийг нь харж, танилцсан. Түрүүлж хүүгээ их хэмжээгээр авдаг нь эрсдэлээс хамгаалах банкны бодлоготой холбоотой юм билээ. Юутай ч эдийн засгийн энэ хүнд нөхцөлд эхний ээлжид зээлийн хүүг үе шаттай бууруулахаар ажиллаж байна.