Шадар сайд Я.Содбаатар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар УИХ-ын чуулганы хуралдаанд мэдээлэл хийлээ. Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах бодлого хэрэгжүүлэхээр тусгасан. Үүний хүрээнд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран цар тахлын үеийн хүндрэлийг даван туулах стратеги төлөвлөгөө боловсруулах үүрэг бүхий олон улсын болон дотоодын зөвлөхүүдээс бүрдсэн ажлын хэсэг байгуулжээ. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн нарийвчилсан төлөвлөгөөнд уг ажлын хэсгийн саналыг тусгах аж.
Мөн Монгол Улсын Шадар сайд, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Хүмүүнлэгийн тусламжийн багийг ажиллуулж эхэлжээ. Ингэснээр олон улсын тусламж, хандивын үйл ажиллагааг нэгдсэн удирдлагаар хангаж, түнш байгууллагуудын нөөц боломжийг хуваарилах, уялдаа холбоог нь сайжруулах боломжтойг сайд Я.Содбаатар онцлов.
2020 оны аравдугаар сарын 1-ний байдлаар 290 аж ахуйн нэгж, байгууллага, 257 иргэнээс нийт 3.5 тэрбум төгрөг болон 4.3 тэрбумын өртөг бүхий бараа материалыг УОК-т хандивлажээ. Үүнээс 6.6 тэрбум төгрөгийн хөрөнгө болон бараа материалыг УОК-ын Шуурхай штаб, холбогдох төрийн байгууллагууд, авто замын шалган нэвтрүүлэх товчоод, хяналтын цэг, тусгаарлах байрны хэрэгцээнд зарцуулсан гэнэ.
Дараа нь УИХ дахь АН-ын бүлгийн санал, дүгнэлтийг дарга Д.Ганбат нь танилцуулав. Тэрбээр “Эрх баригчдын мэдээллээс үзэхэд стратеги боловсруулахаар ажиллаж байгаа, нарийвчилсан төлөвлөгөөнд тусгана гэх зэргээр хийх ажлууд нь ирээдүй цагт дурдагдаж буй. Энэ нь өнгөрсөн хугацаанд ямар ч төлөвлөлтгүй ажиллаж ирсний илрэл. Хэрэгжүүлж буй эдийн засгийн бодлого, 2020 оны төсвийн тодотгол, 2021 оны улсын төсвийн төсөл зэрэг нь өр нэмэгдүүлсэн, төсвийн алдагдлыг бууруулаагүй, дотоод нөөц, үрэлгэн байдалдаа зөв менежмент хийх боломжтой атал буруу төлөвлөчихсөн гээд дутагдалтай зүйл олон байна. Хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор ардчиллын үнэт зүйлсэд заналхийлж, хүний эрх, эрх чөлөөг боомилох, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлах оролдлого илэрч байгааг НҮБ-аас анхааруулсан. Цар тахлын үед гадаад, дотоодын байгууллага, иргэдээс ирүүлсэн хандив, зээл, тусламж, түүний зарцуулалтыг ил тод болгох нь Засгийн газрын үүрэг бөгөөд үүнд хяналт тавих боломжийг иргэдэд олгох нь зүй ёсны хэрэг. Монгол Улс цар тахалтай тэмцэх бодлого, стратегиа дараагийн шатанд шилжүүлж, илүү өндөр түвшний бэлэн байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлж эхэлсэн байх ёстой” гэв. Засгийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээнд АН-ын бүлгийн зүгээс зургаан санал танилцуулсан юм. Тодруулбал, хөл хорионы дэглэм, журмаа олон улсын стандартад нийцүүлэх, хүний эрх, эрх чөлөөг боомилсон арга хэмжээг авч хэрэгжүүлэхгүй байхад онцгой анхаарах, аялал жуулчлалын салбар, үйлчилгээний байгууллага, аж ахуйн нэгжүүдэд чиглэсэн оновчтой бодлого явуулах, боловсролын салбарт өөрчлөлт хийж, цахим сургалтын үр дүнтэй хувилбарыг сонгох санал гаргалаа.
УИХ-ын чуулганаар үргэлжлүүлэн Үндсэн хуулийн цэцийн 2020 оны 08 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Цэц дунд суудлын хуралдаанаараа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.7.3, 55.9 дэх хэсэг нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн, эсэх маргааныг хэлэлцэж, “Эцэг хууль”-ийг зөрчөөгүй гэж үзжээ.
УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн хуулийн дагуу Цэц Үндсэн хуулийн 66.2-1, 2-т заасан маргаантай асуудлаар “Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн” гэсэн дүгнэлт гаргасан бол үүнийг байнгын хороодоор хэлэлцүүлэхгүйгээр нэгдсэн хуралдаанд танилцуулах бөгөөд гишүүд асуулт тавьж, хариулт авч болох ч санал хурааж шийдвэр гаргахгүй аж. Үүний дагуу гишүүд санал хэлсэн юм.
Бэлтгэсэн: Б.Нархан