Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт улс орон даяар Улаанбаатарын цагаар 07.00-20.00 цагт үргэлжиллээ. Өмнөх сонгуулиудад санал хураалт 22.00 цаг хүртэл болдог байв. Орон нутгийн сонгуулийг намар зохион байгуулдаг, эрт харанхуй болдог, малчид, хөдөөний сонгогчдод хүндрэлтэй байдаг зэргийг харгалзан санал хураалтыг хоёр цагийн өмнө дуусгахаар хуульчилсан.
Санал хураалтын үргэлжлэх хугацааг багасгахын хэрээр сонгогчдын ирц буурсан байж болох ч иргэдийн идэвх ерөнхийдөө суларчээ. Тухайлбал, энэ жилийн УИХ-ын сонгуулийн ирц 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 25.1 хувьд хүрсэн бол орон нутгийнх дөнгөж 15.1 хувьтай байлаа. Түүнчлэн 2016 оны орон нутгийн сонгуулийн ирц мөн цагт улсын хэмжээнд 16.8 хувьтай байжээ. Саналаа өгсөн сонгогчдын дунд залуусын эзлэх хувь бага, УИХ-ын сонгуулийн үеийнхээс оролцоо нь буурсныг зохион байгуулагчид хэлсэн. Мөн сонгогчдын 50-иас дээш хувь нь саналаа өгсөн тохиолдолд сонгуулийн дүнг хүчинтэйд тооцох босго тавиагүй нь ирцэд нөлөөлсөн байх талтай. Өөрөөр хэлбэл, саналаа өгсөн сонгогчдоос хамгийн их дэмжлэг авсан нэр дэвшигч төлөөлөгчөөр сонгогдож байна. Улсын хэмжээнд 2148 байранд санал хураалтыг эхлүүлэхдээ зөөврийн битүүмжилсэн хайрцгаар өгсөн иргэдийнхийг төхөөрөмжид уншууллаа. Эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа, зөрчлийн улмаас саатуулагдсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 20 258 сонгогчийн саналыг зөөврийн хайрцгаар авчээ.
Энэ удаагийн орон нутгийн сонгуульд есөн нам, нэг эвслийн болон бие даан нэр дэвшигч гээд нийт 17 149 хүн өрсөлдөв. Тэдгээрээс 21 аймаг, нийслэлээс 816, 330 сум, есөн дүүргээс 7353 төлөөлөгч сонгогдлоо. Харин санал хураалтын дүнг УИХ-ын сонгуулийнх шиг шууд, дэлгэцээр үзүүлээгүй. Ингэх ч боломжгүйг сонгуулийн төв байгууллагын удирдлага эртнээс мэдээлсэн юм. Тодруулбал, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран “Орон нутгийн ИТХ-ын 8000 гаруй мандатын төлөө 17 мянга орчим нэр дэвшигч өрсөлдөж байгаа учраас сонгуулийн дүнг шууд үзүүлэх техникийн боломжгүй. Хууль, эрх зүйн орчин ч бүрдээгүй. Харин дүнг нь гаргасан хэсгийн хороо, тойргийнхыг Сонгуулийн ерөнхий хорооны www.gec.gov.mn цахим хуудсанд шуурхай байршуулна” гэж байлаа. Тус цахим хуудсанд 23.00 цаг гэхэд нийслэл, бүх дүүрэг болон зарим аймгийн дүнг байршуулсан юм. Тухайлбал, нийслэлийн ИТХ-д МАН 34, АН найм, ХҮН гурван суудал авсан бол Сүхбаатар, Увс аймагт АН-ынхан илүүрхжээ. Сүхбаатар аймгийн ИТХ-ын 33 мандатын 27, Увс аймгийнхад 19-ийг нь АН авсан байна. Увс аймгийн ИТХ-д МАН 17 суудал авснаас гадна бие даан нэр дэвшсэн таван хүн сонгогджээ. Харин Сэлэнгэ аймгийн ИТХ-д МАН 23 суудал авч, илүүрхэв. Тус аймгийн ИТХ-д АН 14 суудал авлаа.
Түүнчлэн тухайн тойргийн мандатын тооноос илүү хүнийг сонгосноос бусад нь хүчинтэйд тооцогдох хуулийн зохицуулалт энэ удаа үйлчлэв. УИХ-ын сонгуулиар мандатын тоотой ижил хэмжээний хүнийг сонгож, саналын хуудсанд тэмдэглэсэн тохиолдолд хүчинтэйд тооцож байсан юм. Харин энэ удаа мандатын тооноос дутуу юм уу, эсвэл хэнийг ч дугуйлаагүй байсан санал нь хүчинтэйд тооцогдлоо. Эл шинэ зохицуулалт нь бас сонгогчдыг нэлээд төөрөгдүүлэх шиг болсон. Ер нь хаана очиж саналаа өгөх, хэдэн нэр дэвшигчийг сонгох, цаашлаад ямар хүмүүс өрсөлдөж буй талаарх мэдээлэл дутмаг байсныг олон эх сурвалж өгүүлэв.
Санал хураалтыг зохион байгуулахаар Сонгуулийн хороодын болон мэдээллийн технологийн ажилтнууд болох нийт 21 176 албан хаагч ажиллалаа. Мөн цагдаа, тагнуул, онцгой байдлын алба хаагчид, эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, сонгогчдыг эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангасан орчинд саналаа өгөх бололцоог нь бүрдүүлэхээр хүчин зүтгэв. Өндөржүүлсэн бэлэн байдалтай холбоотойгоор санал авах байранд ажиллах ажиглагчийн тоо цөөрсөн нь анзаарагдаж байлаа. Түүнчлэн улс төрийн нам, эвслийнхээс гадна олон нийтийн байгууллагыг төлөөлсөн, бие даасан ажиглагч оролцсонгүй.
07.00 цаг. Баянгол дүүргийн 24 дүгээр тойргийн 2-3 дугаар хэсгийн хорооны санал авах байрны үүдэнд долоон хүн хүлээж байв. Уг хэсгийн хорооны гурван сонгогч өмнөх өдөр нь зөөврийн хайрцгаар саналаа өгсөн аж. 07.00 цагт “хар машин”-д өмнө нь ямар ч саналын хуудас уншуулаагүйг нотлох биллийг хэвлэж, ажиглагчдад тараалаа. Үүний дараа зөөврийн хайрцган дахь саналын хуудсуудыг уншуулсан юм.
10.00 цаг. Баянзүрх дүүргийн 25 дугаар тойргийн 1-1 дүгээр хэсгийн хорооны санал авах байр. Тэнд цагдаагийн, эрүүл мэндийн, улсын бүртгэлийн байгууллагын болон хорооны 10 гаруй ажилтан, нам, эвслийн гурван ажиглагч ажиллаж, хоёр “хар машин”, гурван бүхээг байрлуулжээ. Тус хэсгийн хорооны 1726 иргэнээс 206 нь буюу 11 хувь нь саналаа өгсөн байв. Орон нутгийн сонгуулийн үйл ажиллагааны үед коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх түр журмыг СЕХ өнгөрсөн сард баталсан. Уг журмын дагуу иргэд амны хаалттайгаа ирж, гараа ариутган саналаа өгч байв. УИХ-ын сонгуулийн үеэр тус хэсгийн хорооны гадна иргэд урт дараалал үүсгэн, 10.00 цагийн байдлаар 21 хувийн ирцтэй байсан. Харин өчигдөр мөн өдийд санал авах байрны гадна ямар ч дараалал үүсээгүй байв. Баянзүрх дүүргийн I хорооны байр буюу жижиг зааланд санал авах үйл ажиллагааг зохион байгуулж байгаагаас бүхээгийн ойролцоо сонгогчид зогсоцгоосон нь саналын нууцлал алдагдах эрсдэлтэй харагдлаа. Мөн налуу шатгүй учир тэргэнцэртэй иргэд санал өгөх нөхцөл бүрдүүлээгүй байлаа. Зөөврийн хайрцгаар сонгогч санал өгөөгүй бөгөөд 07.00 цагт сонгуулийн үйл ажиллагааг саадгүй эхлүүлснийг тус хэсгийн хорооны дарга Д.Чулуун хэлэв. Баянзүрх дүүргийн Сонгуулийн хорооны дарга Б.Батсүх “Дүүргийн хэмжээнд 102 хэсгийн хороо ажиллаж байгаа. Одоогоор 13 хувийн ирцтэй байна. 429 хүн зөөврийн хайрцгаар санал өгсөн.
Нам, эвслүүдийн 741 ажиглагч хэсгийн хороодод хуваарийн дагуу ажиллаж байгаа” гэв. Тус дүүргийн хувьд санал авах үйл ажиллагааг хорооны 22 байр болон сургууль, цэцэрлэг, соёлын төвд зохион байгуулж байгаа юм. “Манай 25 дугаар тойргийнхон дүүргийн ИТХ-д гурав, нийслэлийнхэд хоёр хүн сонгох ёстой. Би андуурч бөглөөд дахиж саналын хуудас авсан. Баянзүрх дүүрэгт мэдлэг, боловсролтой, шинэ гэсэн тодотголтой залуус нэр дэвшиж байгаа. Тэдний мөрийн хөтөлбөртэй танилцсан. Сансарын туннелийн дэргэдэх шатаар хүүхэд, хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход хүндрэлтэй байлаа. Үүнийг дөрвөн жилийн хугацаанд шийдээгүй хэрнээ саяхан л засаж, хажуугаар нь налуу шат байрлуулсан. Иргэдийнхээ төлөө ажиллах ёстой хүмүүс амьгүй мэт байчихаад сонгууль дөхөхөөр ажил хийсэн юм шиг харуулдгаа болих хэрэгтэй. Одоо иргэд шаарддаг, хэрэгжүүлэхийг нэхдэг болсон. Би ч тэдний нэг” хэмээн тус дүүргийн I хорооны оршин суугч Ц.Бат хэлсэн юм.
“СОНГОГЧИД ИДЭВХГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭЛМЭЭРГҮЙ БАЙНА”
12.00 цаг. Сонгуулийн ерөнхий хорооноос ирцийн мэдээллийг танилцуулав. Говь-Алтай аймгийн Есөнбулаг, Халиун сум, Налайх дүүргийн тавдугаар хорооны байранд төхөөрөмж эвдэрсний улмаас санал хураалт зогссон гэх мэдээллийн талаар тодруулахад Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээллийн технологийн төвийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Баясгалан “Санал хураалт эхэлснээс хойш 25 дуудлага хүлээж авсан. 11.30 цагийн байдлаар санал тоолох төхөөрөмж бүгд хэвийн ажиллаж байгаа. Говь-Алтай аймгийн зарим сум, Налайх дүүрэгт үүссэн асуудлыг шуурхай шийдвэрлэсэн” гэв. Мөн Завхан аймгаас ирцийн мэдээллийг цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн бүрэн нэгтгээгүйг хэлж байлаа.
12.20 цаг. Чингэлтэй дүүргийн 30 дугаар тойргийн 6-2 дугаар хэсгийн хорооны ирц 12.00 цагийн байдлаар 20 хувьтай буюу 515 сонгогч саналаа өгчээ. Тус хэсгийн хороонд бүртгэлтэй 2520 сонгогч бий. Зөөврийн саналын хайрцгаар 22 хүнээс саналыг нь авсан байна.
Гурван сар гаруйн өмнө УИХ-ын сонгуулийн санал хураалтын үеэр тус хэсгийн хорооны гадна сонгогчид бараг бүхэл өдрийн турш урт дараалал үүсгэж байлаа. Тус хэсгийн хорооны дарга Ч.Нарангоо “УИХ-ын 2020 оны сонгуулийн 12.00 цагийн ирцтэй харьцуулбал сонгогчдын идэвх арай буурсан байна. Гэхдээ орон нутгийн сонгуулиудтай харьцуулбал ойролцоо гэж хэлж болно. Ер нь УИХ-ын сонгуульд манай иргэд илүү идэвхтэй оролцдог шүү дээ. Одоо сонгогч идэвхгүй байна гэж хэлмээргүй байна. Манай хэсгийн хорооны санал авах байрны хувьд хүний хөл тасраагүй. 20.00 цаг хүртэл чамлахааргүй ирцтэй байх болов уу” гэж байлаа. Мөн тэрбээр “Манай тойргийн хувьд нийслэлийн болон дүүргийн ИТХ-д тус бүр хоёр мандаттай. Өөрөөр хэлбэл, нийт дөрөв хүртэлх хүнийг нэг саналын хуудсанд дугуйлна гэсэн үг. Үүнийг боломжийнхоо хэрээр тайлбарлаж байна. Гэхдээ зарим иргэн нийслэлийн ИТХ-ын нэр дэвшигчдээс гурав, дүүргийнхээс нэг хүн сонгох гэх мэтээр буруу тэмдэглэгээ хийх нийтлэг алдаа гарч байна” гэв.
Тус санал авах байранд МАН, АН, ХҮН болон нэр дэвшигчдийн зүгээс 15 ажиглагч бүртгүүлжээ. Гэхдээ өндөржүүлсэн байдалтай холбоотойгоор бүх ажиглагчийг зэрэг суулгах боломжгүй учраас нэг удаа 5-6 хүн гурван цаг тутам солигдон ажиллаж байлаа.
14.20 цаг. Чингэлтэй дүүргийн 30 дугаар тойргийн 4-2 дугаар хэсгийн хороонд 2073 хүн санал өгөхөөр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Үүнээс 621 буюу 30 орчим хувь нь саналаа өгсөн байв. Зөөврийн хайрцгаар санал өгөхөөр 18 хүн холбогдох материалаа ирүүлсэн бөгөөд 17 нь үүгээр саналаа өгч, нэг нь өөрийн биеэр ирэхээ мэдэгдсэнийг уг хэсгийн хорооны дарга Т.Наранбат хэлэв. Тэрбээр “Иргэний бүртгэлийн программыг 07.00 цагт нээснээр хамгийн эхэнд зөөврийн хайрцган дахь саналуудыг уншуулсан. Саналын хуудсаа буруу бөглөх тохиолдол мэр сэр гарч байгаа. Манайд долоон ажиглагч бүртгүүлэн, ажиллаж байна. УИХ-ын сонгуулийн үеэр манай хэсгийн хорооны иргэд 80 гаруй хувийн ирцтэй саналаа өгсөн. Орон нутгийн сонгуульд ирцийн босго тогтоогоогүй ч санал хураалтын цаг дуусах хүртэл 50 хувьд хүрнэ гэж харж байгаа” гэв. Уг хэсгийн хороо 12 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан юм.
15.00 цаг. Сонгуулийн ерөнхий хороо ирцийн мэдээллийг танилцуулав. Энэ удаа Завхан аймгийн дүнг бүрэн нэгтгэжээ. Мөн 12.00 цагийн мэдээллээс хойш гурван дуудлага ирсний мөрөөр шуурхай ажиллаж, шийдвэрлэснээ уламжлав.
15.20 цаг. Чингэлтэй дүүргийн 30 дугаар тойргийн 3-2 дүгээр хэсгийн хорооны санал авах байр. 24 дүгээр сургуулийн спорт зааланд таван бүхээг, санал тоолох хоёр төхөөрөмж байрлуулж, хэсгийн хорооны бүрэлдэхүүнээс гадна долоон ажиглагч ажиллаж байв. Саналын хуудсаа буруу бөглөсөн тохиолдлыг бүртгэж, шинийг олгох, иргэдийг хаагуур гарахыг нь заах, “хар машин”-д хэрхэн уншуулах зэргийг зөвлөж буй үйл явдал давхацсанаас нэлээд чимээ шуугиантай байлаа. Уг хэсгийн хорооны 2425 сонгогчоос 853 нь саналаа өгсөн байна. Дээрх хэсгийн хороонд 19 иргэн зөөврийн хайрцгаар санал өгөхөөр бүртгүүлснээс 18 нь өгчээ. СЕХ-ноос баталсан түр журмын дагуу иргэдэд нэг удаагийн бээлий, амны хаалт өгсний дараа хэсгийн хороо руу оруулж байв. Чингэлтэй дүүргийн ИТХ-д 35 хүн сонгогдох бол нийслэлийн ИТХ-д тус дүүргээс зургаан хүн “суух” юм.
19.00 цаг. Ирцийн талаарх сүүлийн мэдээллийг сонгуулийн төв байгууллагаас хүргэв. Сонгуультай холбоотой гэж хэлж болох 369 гомдлыг шалгаж байгааг Цагдаагийн ерөнхий газрын Нийгмийн хэв журам, олон нийтийн аюулгүй байдлын албаны Зөрчил шалгах, мэргэжил арга зүйн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ч.Чинбат энэ үеэр мэдээлсэн. Эдгээрээс 23-ыг нь тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлсэн байна. Мөн долоон хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 169 зөрчлийг нь үргэлжлүүлэн шалгаж буй аж. Зөрчил, гомдлын дийлэнх нь нэр дэвшигчийн алдар хүндийг гутаан доромжлох, хууль бус сурталчилгаа явуулсан гэх агуулгатай байгааг тэрбээр тодотголоо.
Х.БАТТУЛГА: СОНГУУЛИАР ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ НЬ АРДЧИЛЛЫН АЛТАН ЗАРЧИМ
Ерөнхийлөгч Х.Баттулга Баянзүрх дүүргийн 25 дугаар тойргийн 1-2 дугаар хэсгийн хороонд саналаа өгөв. Тэрбээр “Үндсэн хуулиар олгосон эрх, үүргийнхээ хүрээнд сонгуульдаа оролцлоо. Орон нутгийн сонгууль бол маш чухал үйл явц. Яагаад гэвэл тухайн орон нутагт ажиллаж, амьдарч байгаа иргэд, малчдыг нийгмийн харилцаанд оролцуулах ажил үүргийг хариуцуулдаг дарга нараа сонгох сонгууль. Одоогоор улсын хэмжээнд сонгогчдын ирц 35 хувьтай байна. Энэ бол бага тоо. Тиймээс залуучууд та бүхэн сонгуульдаа идэвхтэй оролцоорой. Өөрсдийн эрх, үүргээ ухамсарлаж, мөн бусдадаа уриалж 20.00 цагаас өмнө саналаа өгөх хэрэгтэй. Сонгуульд оролцоогүй, саналаа өгч нийгмийн харилцааг өөрчлөөгүй хэрнээ хариуцлага нэхэх нь уялдаагүй хэрэг. Жишээ нь, хүүхдүүдийн автобусыг хэт өндөр үнээр худалдаж авсан тухайд иргэд шүүмжилж байна. Хэрвээ нийслэлийн ИТХ олон намын төлөөллөөс бүрдэж, тендер шалгаруулах үйл явцыг хяналттайгаар явуулсан бол ийм маргаан гарахгүй. Тиймээс сонгуулиар өөрчлөлт хийх нь ардчиллын алтан зарчим” хэмээв.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх нийслэлийн ерөнхий боловсролын 48 дугаар сургуулийн заал буюу Баянзүрх дүүргийн 25 дугаар тойргийн 1-2 дугаар хэсгийн хороонд саналаа өглөө. Тус дүүргийн 248 705 иргэн сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгджээ. Дүүргийн ИТХ-ын сонгуульд 130 нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас 43 нь сонгогдох юм. Харин Баянзүрх дүүргээс нийслэлийн ИТХ-д 10 суудлын төлөө 30 нэр дэвшигч өрсөлдөв.
УИХ-ын дарга Г.Занданшатар Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойргийн 17-1 дүгээр хэсгийн хороонд 12.00 цагт саналаа өглөө. Тэрбээр УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн тойрог буюу Баянхонгор аймагтаа тухайн үед саналаа өгсөн юм. “Засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэх, нөгөө талаас нутгийн өөрийн удирдлагыг үргэлжлүүлэх чухал байгууллагыг сонгох сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриалъя. Орон нутгийн сонгуулийн ирц харьцангуй доогуур байдаг. Гэхдээ залуус дээлээ өмсөж, саналаа өгдөг шинэ хандлага бий болсон”-ыг Г.Занданшатар дарга энэ үеэр онцоллоо.
СОНГОГЧИД, НЭР ДЭВШИГЧДЭД ТЭГШ ХАНДАХЫГ УРИАЛЛАА
АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд болон холбогдох хүмүүс орон нутгийн сонгуулийн үеэр гарч буй зөрчлүүдийн талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Санал авах байруудад ажиллаж буй манай ажиглагч нараас бидэнд мэдээлэл ирүүлсээр байна. Хуульд сонгогчдын нэрийн жагсаалтыг нэг л хувь хэвлэхээр заасан. Гэтэл Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн санал авах байранд сонгогчдын нэрийн жагсаалт буруу байна гээд шинийг гаргаж ирсэн. Мөн тус дүүргийн VII хороонд сонгогчдыг санал өгүүлэхээр тусгай тэмдэглэгээтэй машинаар зөөж байгааг ажиглагчдаас мэдэгдлээ” гэв. Үүний дагуу тэд цагдаагийн байгууллагад гомдол гаргасан аж. Түүнчлэн сонгогчид, нэр дэвшигчдэд тэгш хандахыг уриалж, хууль хяналтын байгууллагууд зөвхөн АН-ынхан руу чиглэсэн үйл ажиллагаа явуулж байгааг шүүмжиллээ.
МӨНГӨ ТАРААСНЫГ БИЧЛЭГЭЭР БАТАЛГААЖУУЛСАН ГЭВ
Нийслэлийн МАН-ын хорооны сонгуулийн штабын ажлын хэсгийн хуульч Ү.Амарбат мэдээлэл хийлээ. Тэрбээр “Өрсөлдөгч намынхан мөнгө тараах зэрэг хууль бус үйлдэл хийсээр байна. Тэдгээрээс дуу, дүрсээр баримтжуулсан нь нэлээд их байгаа. Эрх баригч намын нэр хүндийг унагах, сонгуулийг хууль бусаар явуулж байна гэж гүтгэх гэх мэтчилэн үйлдэл гаргасаар буй. Жишээ нь, Өмнөговь аймагт нэр дэвшигчийн амийг МАН-ын гишүүн хохироосон гэж мэдээлж байна. Манай намаас тус аймагт нэр дэвшигчдийг хууль хяналтын байгууллагынхан шалгаагүй. Баянгол дүүргийн иргэдэд амралтын газарт дөрөв хоногийн хугацаатай амраах, 280 мянган төгрөгийн үнэ бүхий эрхийн бичиг тараасан байна. Энэ нь сонгогчдыг сувилалд амраах, гадаад, дотоодод аялуулах зэрэг ирээдүйд өгөх амлалтыг хориглосон заалтыг зөрчсөн” гэв. Үүний мөрөөр цагдаагийн байгууллагад гомдол гаргажээ. Баянгол дүүргийн гурван хэсгийн хорооны ажилтнууд мөнгө тараасныг бичлэгээр баталгаажуулсныг тэд хэллээ.