Талбайн теннис ганцаарчилсан, хос, холимог хосын төрлөөр явагддаг, спортын бусад төрөлтэй харьцуулбал хэн нэгэн гэмтэж бэртэх магадлал харьцангуй бага спорт. Гэсэн хэдий ч теннисчдийн цохилт тун харуусалтай үр дүн авчирсан тохиолдол цөөнгүй. Тэдгээр ховор тохиолдлын талаар товч өгүүлье.
- 2002 оны “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэй хосын хагас шигшээ тоглолтын үеэр Микаэль Ллодра талбайн хажуугаар нисэж байсан хараацайг бөмбөгөөр оножээ. Хөөрхий шувуу тэр дороо үхсэн учир
Ж.Бутт хажууд нь өвдөглөж суугаад залбирахаас өөр арга үлдээгүй аж.
- 2011 онд мөн л Мельбурн хотод болсон тэмцээний үеэр Энди Мюррэйгийн ах Жэйми бэлтгэл хийж байгаад болжморын аминд хүрсэн түүхтэй. “Тийм ээ, бөмбөг давуулж байгаад шувуу алчихсан. Шоконд орсон. Ийм зүйл дахин тохиолдохгүй гэдэгт, давуулалт маань тийм оновчтой байхгүй гэдэгт найдаж байна” хэмээн Ж.Мюррэй твиттертээ бичиж байв.
- Тэртээ 1983 онд болсон “Америкийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шигшээ тоглолтын үеэр тун харамсалтай явдал болсон юм. Швед тоглогч С.Эдбергийн давуулсан бөмбөг шугамын шүүгч Р.Вертхеймийн салтааг оножээ. Шүүгч бөмбөгөөс бултахыг хичээхдээ унаж, толгойгоороо талбай мөргөсөн байна. Ухаан алдсан Ричард таван өдрийн дараа эмнэлэгт нас баржээ. Р.Вертхеймийн гэр бүлийнхэн тэмцээнийг зохион байгуулагчдын эсрэг гомдол гаргаж, 2.25 сая доллар нэхэмжлэхэд шүүх тэдэнд 165 мянгын нөхөн төлбөр олгох шийдвэр гаргаж байв. Гэвч дээд шүүх эл шийдвэрийг цуцалж, тамирчны цохилт үхлийн шалтгаан болоогүй гэж дүгнэсэн юм.
Ташрамд дурдахад, тус тэмцээнд С.Эдберг түрүүлж, тухайн жилдээ залуучуудын ангилалд бүх “Их дуулга”-д түрүүлсэн онцгой амжилтын эзэн болсон. Гэвч шүүгчийн үхэл түүний сэтгэл зүйд хүндээр туссан төдийгүй зодог тайлах талаар бодоход хүргэсэн гэдэг. Швед тамирчин эл бодлоо орхисноор хожмоо дэлхийн чансааг тэргүүлэгч, “Их дуулга” тэмцээний зургаан удаагийн аварга, Р.Федерерийн дасгалжуулагч болсон билээ.
- 2011 онд британи теннисчин Сара Боруэлл өмнөх жил нь болсон нэг тоглолтын үеэр дагзандаа бөмбөгөөр цохиулснаас өөрт нь ямар шинж тэмдэг илэрсэн тухай ийн өгүүлж байв. “Өрсөлдөгч минь хоёр метр орчмоос цохисон юм. Бөмбөг толгойд ойгоод өнгөрсөн, тэр үед бүх зүйл хэвийн байлаа. Тоглолт үргэлжилж, намайг ялсны дараа өрсөлдөгч минь намайг толгойгооо үзүүл гэж хэлсэн. Төдөлгүй толгой эргэж, нүүр хавдаж эхэлсэн нь их айлгасан. Эмч нар миний тархи хөдөлсөн гэж оношлоод нэмэлт шинжилгээ хийлээ. Азаар бүх зүйл ингээд өнгөрсөн юм”.
- Теннисний тоглолтын үеэр тамирчид ихэнхдээ бөмбөгт цохиулснаас бус, талбай дээр унаснаас шалтгаалж тархиа хөдөлгөдөг байна. Ийм явдал В.Азаренко, К.Деплакуа, Э.Бушар нарт тохиолдсон түүхтэй. Эцэст өгүүлэхэд, Америкийн эрдэмтдийн тооцоолсноор хүний ясыг хугалахын тулд 375 жоул энерги шаардлагатай аж. Гэтэл теннисний бөмбөгийг маш хүчтэй цохиход ийм хүч гарах боломжгүй юм. Олон улсын теннисний холбооны дүрмийн дагуу бөмбөгний жин 59.4 граммаас хэтрэхгүй байх ёстой. Эл спортын түүхэн дэх хамгийн хүчтэй цохилтыг Сэм Грот хийсэн нь 263 км/цаг хүрсэн бөгөөд теннисний бөмбөгийг ийм хүчээр цохиход дээд тал нь 154 жоул хүч үүсэх аж. Харин 375 жоул хүч үүсгэхийн тулд бөмбөгийг 402 км/цагийн хурдтай цохих ёстой болно. Үүний эсрэгээр, бөмбөгийг 200 км/цагийн хурдтай цохилоо гэж үзвэл теннисний бөмбөг 247 грамм жинтэй байж хүний ясыг хугалах аюултай болно. Тиймээс теннисний бөмбөгөөр цохиулахад хүнд гэмтэх эрсдэлгүй, аюулгүй, харин ихэнх тохиолдолд маш хүчтэй өвдөх аж.
Бэлтгэсэн: Э.Манлайбаатар