Бангладеш улс эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулан, бэлгийн хүчирхийлэгчдэд цаазын ял оноохоор болжээ. Бэлгийн хүчирхийллийг эсэргүүцэж олон өдөр жагссаны үр дүнд тус улсын удирдлага дээрх шийдвэрийг гаргасан тухай BBC News мэдээлэв. Өнгөрсөн долоо хоногт эмэгтэй хүнийг бүлэглэн хүчирхийлж буй бичлэг олон нийтийн сүлжээгээр цацагдсаны дараа эсэргүүцлийн жагсаал эхэлжээ. Сүүлийн нэг жилийн хугацаанд тус улсад хүчингийн хэргийн 5.4 мянга орчим тохиолдол бүртгэгдсэн боловч хохирогчид ичсэндээ цагдаад мэдэгдэл өгдөггүйгээс болж ихэнхдээ гэмт хэрэгтнүүд шийтгэлгүй өнгөрдөг тухай жагсаалыг зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Дээр дурдсан дүрс бичлэг дээрх гэмт хэрэгтнүүд бүгд баривчлагдсан аж. Үүнээс өмнө тус улсын эрх баригч намын оюутны жигүүрийн гишүүд оролцсон өөр нэг бүлэг хүчингийн хэрэг Бангладешийг доргиосон байна. Тус улсын томоохон хотуудад хэдэн арван мянган хүн “Хүчирхийлэгчдэд ямар ч өршөөл байхгүй”, “Хүчирхийлэгчдийг дүүжил” гэсэн лоозун барьсаар гудамжинд гарч жагссан байна. НҮБ-аас Бангладешт эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл нэмэгдэж байгаа явдалд санаа зовниж буйгаа илэрхийлсэн мэдэгдэл гаргаж, тус улсын эрх баригчдыг хохирогч болон гэрчүүдийг дэмжиж, хамгаалахын тулд хууль зүйн тогтолцоог яаралтай шинэчлэхийг уриалжээ. Үүний үр дүнд Бангладешийн Засгийн газар бэлгийн хүчирхийллийн хэргийг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа бөгөөд Мягмар гарагт /2020.10.13/ тус улсын ерөнхийлөгч гарын үсэг зурах юм байна