Европын Холбооны (ЕХ) 27 орны Гадаад хэргийн сайд нар сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйг хордуулсантай холбогдуулан ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ шийдвэрлэжээ. Сайд нар Франц, Герман улсын тавьсан холбогдох саналыг дэмжиж байгаагаа Финландын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто сэтгүүлчидтэй хийсэн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. Гэхдээ хориг арга хэмжээний жагсаалт хараахан батлагдаагүй байгаа бөгөөд Германы Deutsche Press агентлагийн мэдээлж буйгаар энэ сарын 14-ний Лхагва гарагт жагсаалтыг хэлэлцэн тохирох юм байна. Хориг арга хэмжээний жагсаалтад Оросын есөн албан тушаалтан, мөн Органик хими, технологийн судалгааны улсын хүрээлэн (ГосНИИОХТ) орж байгаа тухай Францын Le Monde сонин өнгөрсөн долоо хоног эх сурвалжаа дурдан мэдээлсэн юм. Оросын сөрөг хүчний төлөөлөгч Навальный Германы Bild сонинд өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгч Путиныг дэмждэг оросын соёл урлагийнхны эсрэг хориг арга хэмжээ авахыг Европд хандан уриалсан байнаА.Навальный өнгөрсөн наймдугаар сард Томскоос Москва руу нисэх замдаа бие нь муудаж, эмнэлэгт хүргэгдсэн юм. 8-р сарын 22-нд түүнийг Германы Берлин хотын "Чарите" эмнэлэгт эмчилнэ хэмээн тусгай онгоцоор авч явсан бөгөөд тэрээр 19 хоног ухаангүй байжээ. 9-р сарын 2-нд Германы засгийн газар Алексей Навальный нь “Новичок” бүлгийн бодисоор хордсон гэж мэдэгдсэн юм. Германаас гадна Франц, Шведийн лабораториудын шинжилгээний хариу Навальныйг Новичокоор хордуулсан гэж дүгнэсэн билээ. Навальныйгаас Омскийн эмнэлэгт авсан шинжилгээнд хорт бодисын ул мөр илрээгүй хэмээн ОХУ өөрийн зүгээс шаардаж байгаа. Эл асуудлаар ОХУ-д эрүүгийн хэрэг үүсгээгүй ч мөрдөн шалгалтын өмнөх ажил үргэлжилж байгаа аж. Аравдугаар сарын 7-нд Франц болон Германы гадаад хэргийн яамдууд Навальныйг хордуулсантай холбогдуулан Оросын эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахыг Европын холбоонд санал болгож байгаа тухай хамтарсан мэдэгдэл хийсэн юм.