АНУ-ын Сөрөг тагнуул, аюулгүй байдлын үндэсний төвийн захирал Уильям Эванина Хятад, Орос, Ираныг Covid-19-ийн эсрэг вакциныг гаргаж авах ажилд зориудаар саад болж байна гэж мэдэгджээ. "Хятад, Орос, Иран гэсэн гурван тоглогч бидний вакцин гаргаж авах ажилд саад болж байна гэж би хэлмээр байна ..." хэмээн тэрбээр “Hearst” телевизэд ярьжээ. Ингэхийн зэрэгцээ тэрбээр ОХУ-ыг COVID-19-ийн эсрэг гаргаж авсан вакцинаа дэлхийн зах зээлд гаргаж чадна гэдэгт эргэлзэж байгаагаа хэлсэн байна. Мөн Москва, Бээжин, Тегеран АНУ-ын гаргаж авах боломжтой бүх вакциныг хулгайлахыг оролдож байгаа гэж мэдэгдэв. Харин ямар үндэслэлээр эдгээр орнуудыг буруутгаж байгаагаа Эванина тодруулаагүй байна. Түүний үзэж байгаагаар Москва “АНУ-ын мужуудад хагарал үүсгэн, ардчиллыг сүйтгэх” гол зорилготой бол Хятад улс АНУ-ыг шимэгчилдэг орон гэж онцолжээ.
АНУ-д “Moderna”, “Pfizer”, “AstraZeneca” зэрэг компаниудын бүтээсэн коронавирусийн эсрэг хэд хэдэн вакцины эмнэлзүйн туршилт явагдаж байна. Өмнө нь Ерөнхийлөгч Доналд Трамп мэдэгдэхдээ АНУ-д COVID-19-ийн эсрэг вакцин арваннэгдүгээр сарын 3-нд буюу Ерөнхийлөгчийн сонгууль болох өдөр бэлэн болох боломжтой гэж байсан билээ. Гэвч өнгөрсөн Лхагва гарагт тэрбээр "улс төрөөс" болж вакцин сонгуулийн дараа л олонд хүрэх болсноо хүлээн зөвшөөрсөн юм.