Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг ирэх жилийн тавдугаар сарын 18-21-нд Швейцарын Люцерн хотод зохион байгуулах болжээ. Тус уулзалтыг цар тахлын улмаас хойшлуулж магадгүй тухай урьд нь мэдээлж байсан юм. Өөрөөр хэлбэл, Давос хотод нэгдүгээр сард болдог уулзалт Бургеншток уулын ойролцоох Люцернд хавар болох нь.
Давосын уулзалтаар дэлхийн улсуудын төр, засгийн тэргүүн нар, бизнесийн манлайлагчид болон бусад төлөөлөгч янз бүрийн сэдвийг хэлэлцэж, санал бодлоо солилцдог.
Ирэх жилийн уулзалтыг биечилсэн болон цахим хэлбэрийг хослуулан зохион байгуулах бөгөөд “Ковид-19” цар тахлын дараах байдлыг хэлэлцэхээс гадна нийгмийг илүү нэгдмэл, тогтвортой болгоход анхаарах гэнэ.
“Ирэх оны чуулга уулзалтыг тавдугаар сард зохион байгуулах ч нэгдүгээр сарын 25-наас эхлэх долоо хоногт “Давосын яриа хэлэлцээ” цахим дээд хэмжээний уулзалт болох аж.