Киргизийн парламент тус улсын Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековт итгэл үзүүлэх (импичмент) эсэх үйл явцыг эхлүүлжээ. Энэ тухай сөрөг хүчний "Ата-Мекен" намаас дэвшсэн парламентын гишүүн Каныбек Иманалиев РИА Новости агентлагт мэдээлжээ. “Парламентын хэсэг гишүүд Ерөнхийлөгчид импичмент үзүүлэх санал дээр гарын үсэг зурлаа. Энэ нь төвөгтэй хэцүү хэдий ч үйл явц эхэлсэн гэж тооцож болно” гэж гишүүн хэлжээ. Киргиз улсын хуулийн дагуу Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь огцруулах шийдвэрийг гишүүдийн олонхийн саналаар авч хэлэлцэх ёстой бөгөөд гуравны нэгээс доошгүй гишүүд санаачлаг гаргасан байх ёстой аж. Өмнө нь тус улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Садыр Жапаров Сооронбай Жээнбековыг өөрийн хүсэлтээр огцрохыг зөвлөсөн ч Ерөнхийлөгч хариуд нь улс төрийн хүчнүүдийг хэлэлцээрийн ширээнд суухыг уриалсан байна.
Киргиз улсад аравдугаар сарын 4-нд болсон парламентын сонгуулийн үр дүнд 16 намаас 4 намын гишүүн л хууль тогтоох байгууллагад сонгогдсон нь Бишкек болон бусад томоохон хотуудад олныг хамарсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөхөд цаашлаад эмх замбараагүй байдал бий болоход хүргэсэн юм. Жагсагчид парламентын байрыг булааж, Үндэсний аюулгүй хорооны харъя урьдчилсан хорих газар руу дайран орж Ерөнхийлөгч асан Алмазбекыг мөн хүн барьцаалсан хэргээр ял эдэлж байсан парламентын гишүүн асан Садыр Жадаров болон бусад улс төрчдийг чөлөөлсөн аж. Киргизийн Засгийн газрын тэргүүн Мухаммедкалый Абылгазиев болон тус улсын парламентын тэргүүлэг Кубатбек Боронов
нар хүсэлтээрээ огцорч оронд сөрөг хүчний төлөөлөгч Мыктыбек Абдылдаев парламентын тэргүүлэгч, Садыр Жапаров Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч болсон байна.