Өмнөд Солонгосын удирдлага Пхеньян, Вашингтоны хоорондох хэлэлцээрийг амжилтад хүрэхийн тулд БНАСАУ-ын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ёо Жоны АНУ-д хийх айлчлалыг нууцаар бэлтгэж байжээ. Энэ тухай “Yomiuri” сонин эх сурвалжуудыг дурдан мэдээлэв. БНАСАУ-ын удирдагчийн тусгай итгэлийг нь дааж, тэр ч байтугай тус улсад "хоёр дахь хүн” гэгддэг Ким Ёо Жон АНУ-д айлчилснаар Вашингтон, Пхеньяны хоорондын хэлэлцээрийг мухардлаас гаргахад тусална гэж Сеул үзжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео энэ сарын 7-8-нд Сөүлд айлчлахаар төлөвлөж байсан бөгөөд Өмнөд Солонгосын эрх баригчид тэр үед Ким Ёо Жоны айлчлалын талаар тохиролцоонд хүрэхээр зэхэж байж. Түүгээр ч барахгүй Ким Ёо Жон, Майк Помпео нарыг уулзуулахаар бэлдэж байсан байна. Гэвч Помпеогийн айлчлал АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын коронавирусийн халдвар авч эмнэлэгт хэвтсэнтэй холбогдуулан цуцлагдсан бөгөөд эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Умард Солонгосын удирдагчийн дүүгийн АНУ-д хийх айлчлалын талаар шийдвэр гаргах цаг хугацаа үлдсэнгүй. Ким Ёо Жон өмнө нь БНАСАУ-ын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны (СХН) суртал ухуулга, сурталчилгааны хэлтсийн нэгдүгээр орлогч даргын албыг хашиж байгаад Японы “Asahi Shinbun” сонинд бичсэнээр өнгөрсөн оны сүүлчээр тус намын Төв хорооны Зохион байгуулалтын хэлтсийн боловсон хүчний гол асуудал хариуцсан нэгдүгээр орлогч дарга болжээ. Гуравдугаар сард тэрээр Пхеньяны Сөүл, Вашингтоны харилцаатай холбоотой баримт бичигт гарын үсэг зурсан байна. Энэ нь түүний нөлөө гадаад бодлогын хүрээг ч хамарч байгааг харуулж байгаа аж. Өнгөрсөн дөрөв дүгээр сарын 11-нд Ким Ёо Жон СХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны орлогч гишүүнээр сонгогдсон байна. Ким Ёо Жон нь өнгөрсөн долдугаар сарын 27-оос хойш олны өмнө гараагүй явдал олон таамаг дагуулсан юм. Өмнөд Солонгосын “The Chosun Ilbo” сонин өөрийн нууц эх сурвалжийн үгийг иш татан бичихдээ дээрх томилгооны дараа Ким Ёо Жоны улс төрийн хүрээнд үзүүлэх нөлөө асар хурдтай өссөн бөгөөд үүнийг Хойд Солонгосын удирдагч өөрт нь шууд аюул заналхийлж байна хэмээн мэдэрчээ. Өмнөд Солонгос болон Японы хэвлэл мэдээллийнхэн эх сурвалжуудын таамагласнаар БНСАУ-ын удирдагч өөрийн дүүгээ засгийн эрхийн төлөөх өрсөлдөгч гэж үзээд цаазалсан байх магадлалтай гэж ч бичиж байв. Гэвч БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун үерт нэрвэгдсэн хилийн тосгоны сэргээн босгох ажлыг шалгахаар дүү Ким Ё Жоны хамт очлоо гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ арав дугаар сарын 2-нд мэдээлсэн билээ.